Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Ерөнхийлөгчид өргөх бичиг, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ.
Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны Гүйцэтгэх захирал М.Ариунболд “Бид энэхүү тайван жагсаалаар дараах шаардлагыг УИХ-ын дарга, Засгийн газарт хүргүүлж, Монгол улсын Ерөнхийлөгчид өргөх бичиг барьж байна. 2019 оны нэгдүгээр сард Монгол улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хууль, тухайн нийгмийн цаг үеийн асуудлыг зохицуулж чадахгүй байна гэж үзээд хуулийн нэмэлт өөрчлөлт оруулъя гэдэг Засгийн газрын тогтоол баталсан. Энэ тогтоолын дагуу 2019 оноос хойш Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил гурван шадар сайдын нүүр үзэж байна. Засгийн газрын тогтоолоор үүрэг өгөөгүй, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол улсын Үндсэн хуулийн “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна. Өв соёлыг төр хамгаалах үүрэгтэй гэсэн заалтуудыг зөрчиж, Монгол наадмын мөн чанарыг алдагдуулж, хуулийн төсөлболовсруулан өргөн барьсан байна. Монгол наадам үндэсний морин уралдаанд зөвхөн Монгол үүлдрийн зургаан насны ангиллаар морь уралдах ёстой байтал Монгол адуу гэж байхгүй, Монгол адууг өнөөдөр тогтоогоогүй учир бид Монгол адууны стандартыг батлах хүртэл хугацаагаар 2025 он хүртэл сэрвээнийх нь өндрөөр хэмжье гэж байна. Ингэвэл, хэсэг бүлэг хүмүүсийн намхан эрлийз морины уралдаан болно. Хэсэг бүлгийн эрх ашигт нийцсэн өөрөө эрлийз морь уядаг хууль зүйн сайд нийт олонхынхоо эрх ашгийг зөрчсөн хуулийн төсөл санаачилж өргөн барьж байгааг эсэргүүцэж байна” гэлээ.
Цагдаагийн байгууллагаас нийтийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх учраас морьтой жагсаалыг хориглосон байр суурьтай байна.
Уяачид “Монгол хүн Монгол морио унаад нийслэл хотоор явж болно. Монгол мориноос монголчуудыг буулгах юм бол Монгол өв соёл, малчин ахуй тасарна. Ийм алдаатай зүйлийн эсрэг бид үзэл бодлоо илэрхийлэх гэж тайван жагсаж байна. баяр наадмын тухай хуульд, хурдан морины уралдааныг Монгол үүлдрийн зургаан насны морь уралдана гэдэг зүйл заалтыг оруулж өг гэж хүсэж байгаа.
Х.Нямбаатар сайдын өргөн барьж байгаа хуулийн заалтад Монгол наадмаа Монгол мориороо хийдэг болъё. Хуульд ийм заалт оруулаач. Есөн нас гэж байхгүй, эрлийз нас гэж байхгүй. Энэ нь Монгол өв соёл биш юм. Бид төрийн гурван өндөрлөгт хүсэлт, шаардлага өгч байгаа. Байнгын хорооны хурал дээр энэ асуудлыг авч хэлэлцэнэ гэсэн цагт бид жагсаалаа өндөрлөнө.
Монгол адууг нь хэрэггүй болгоод, цөөн тооны эрлийз уралдуулбал малчид малаа орхиод хот суурин бараадна. Хэрвээ энэ хууль батлагдвал Монголын залуу малчдын тоо гэрлийн хурдаар буурна. Улаанбаатар хотод ирж суурьшвал түгжрэл, ядуурал, ажилгүйдлийн үүр уурхай болно” гэсэн юм.