Өндөр IQ-тай хүүхэд, суут хүүхдүүдэд нийтлэг, гайхалтай чадвар бий. Тэд хуучин асуудлыг шинэ нүдээр харж, шийдлийг нь олдог. Тэдний ачаар хорвоо дэлхий илүү сайхан болж байгаа билээ. Дэлхийн өнцөг булан бүрт амьдран “галзуу” зүйл хийж, дэлхийг өөрчилсөн гайхалтай хүүхдүүдийн талаар сонирхуулья.
1.Банк байгуулсан хүүхэд
Перугаас ирсэн Жозе 12 настайдаа банк байгуулжээ. Хосе 2-р ангид байхдаа түүний эргэн тойронд байгаа хүүхдүүдийн ихэнх нь өдрийн хоолоо алгасаж байгааг харжээ. Тэд бүх мөнгөө жижиг сажиг тоглоом, хөзөр тоглоход, чихэр жимсхэн авч идэхэд зарцуулж байгааг анзаарчээ. Тиймээс Хосе эдгээр хүүхдүүдэд зориулж банк байгуулахаар шийдсэн бөгөөд гол зорилго нь хүүхдүүдийн мөнгийг хэмнэх байлаа.
Хүүхдийн байгуулсан дэлхийн “анхны банк” их алдаршиж, Хосе 3000 үйлчлүүлэгчтэй болж, 50,000 доллар хэмнэж, 8 үндсэн ажилтантай болжээ. Гэхдээ Хосегийн ажил үүгээр дуууссангүй. Хүүхдүүдэд хог цуглуулж мөнгө олох системийг бий болгосноор хүүхдүүд хуванцар цуглуулах боломжтой болгожээ. Хүүхдүүд хэрэглэсэн ундаа усныхаа савыг Хосегийн банкинд өгөөд хариуд нь мөнгө авах боломжтой болов.
Хосе хүүхдүүдэд мөнгөө хэмнэх дадлыг сурталчилаад зогсохгүй байгаль орчныг хамгаалах, Перугийн хүүхдүүдийн амьдрал илүү сайн болоход тусалдаг банк байгуулсан 12 настай суутан юм.
2. Мароккогийн "Төмөр" жаал
Энэ 12 настай хүүхэд унтлагын өрөөндөө робот бүтээж байна!
Билал бол Мароккогийн ядуу хорооллын ядруу айлын хүүхэд ч гэлээ дараагийн Элон Маск болох хүслээр дүүрэн, авьяаслаг хүү.
Аав нь түүнд шинэ тоглоомон машин авчирснаас хойш Билал роботуудад дуртай болжээ. Хүүд роботууд маш их таалагдаж тэднийг өөрийн гараар бүтээхийн тулд механик, инженерчлэл, физикийг сурахаар интернетийг идэвхтэй ашиглах болжээ. Билал хүү хоногийг 12 цагийг робот бүтээх судалгаандаа зориулж эхэлсэн гэдэг. Түүний хамгийн сүүлийн бүтээлүүд нь гар мэдрэн онгойдог хогийн сав, хэн нэгэн ойртож буйг мэдэрвэл автоматаар дээш гарч ирдэг маск, робот гар гэнэ. Билал хүүгийн зохион бүтээсэн роботууд
ихэвчлэн хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөхөд зориулагдсан байдаг аж.
3. 12 орны хэлээр ярьдаг хүүхэд
Салик маш ядуу гэр бүлд төржээ. Хүүгийн гэр бүлийнхэн амьжиргаагаа залгуулахад хэцүү байдалд амьдардаг байв. Тийм ч учраас Салик хүү бага өсч томрохдоо гэр бүлдээ тулгарч буй асуудлыг шийдэхийг хичээх болжээ. Салик хүү өдөр бүр Камбожийн аялал жуулчлалын алдартай газруудад очиж, жуулчдад бэлэг дурсгалын зүйл зардаг болов. Тэрээр гэр бүлдээ туслахад хангалттай мөнгө олох боломжтой гэдгээ ухаарахын зэрэгцээ гадаад хэл сурах авьяастай гэдгээ ч анзаарчээ.
Тэр өдөр бүр жуулчдаас өөрт нь шинэ үг зааж өгөхийг гуйдаг байсан бөгөөд удалгүй 12 орны хэлээр чөлөөтэй ярьдаг болжээ. Салик гадаад хэлийг бусдад гайхуулж сайрхах гэж бус гэр бүлдээ туслахын тулд сурчээ. Түүний ер бусын чадвараа ашиглан жуулчидтай өөрсдийнх нь хэлээр ярьж, тэдэнд илүү их зүйлийг зарж чадсан юм.
Нэгэн жуулчин түүний бичлэгийг фэйсбүүктээ нийтэлснээр дэлхий нийт түүний тухай мэдэж авч, алдаршжээ. Салик хүү сошиал сүлжээнд их алдартай болж, Хятадад очин тэтгэлэгтэй суралцаж байна.
Суут Салик хүүх гэр бүлээ тэжээхийн тулд 12 хэл сурч, маш шаргуу ажилласан бөгөөд одоо тэр үр шимийг нь гэр бүлээрээ хүртэн аз жаргалтай амьдарч буй.
4. Тедди баавгайн хүүхэд
1400 гаруй теди баавгай хийсэн 14 настай Кэмпбеллтэй танилцаарай!
Кэмпбелл дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст туслахыг хүссэн ч ажилгүй, мөнгөгүй жаахан хүүхэд гэдгээ мэдэж байв. Түүнд зөвхөн ээжийнх нь оёдлын машин л байсан гэдэг.
Кэмпбелл ээжээсээ оёдлын машиныг хэрхэн ашиглахыг заалган бамбарууш хийж, дэлхийн өнцөг булан бүрт илгээжээ.
Бяцхан суутан Кэмпбелл хүмүүсийн нүүрэнд инээмсэглэл тодруулахын тулд цоо шинэ ур чадвар эзэмшсэн бөгөөд энэ нь түүнийг хүмүүст таниулж, илгээсэн теди баавгайнууд нь өвдсөн, ядарсан хүмүүст амьдрах итгэл найдвар тээн очжээ.
5. Филиппиний бяцхан Пикассо
Энэ суут хүүхэд 1 жилийн хугацаанд олон улсын зургийн 6 тэмцээнд түрүүлсэн юм.
Ворт – 8 настай энэ хүү Филиппиний хамгийн авьяаслаг зураач болоод буй. Цэцэрлэгт байхдаа хүүхдүүдэд маш их дээрэлхүүлдэг байсан 4 настай Ворт гэртээ маш их цагийг зураг зурж өнгөрөөх болжээ. Хүүгийн авьяас чадвар өдрөөс өдөрт сайжирсаар 7 настайдаа сургуульдаа 2 анги алгасч, мастер зураач цол хүртсэн гэдэг.
Тэр бол дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд дээрэлхэгчдийг үл тоомсорлож, өөрсдийнхөө хүсэл тэмүүлэлд анхаарлаа төвлөрүүлэх урам зоригийг бэлэглэсэн юм.
6. Эболатай тэмцсэн хүүхэд
Энэ 13 настай суут ухаантан өөрийгөө цэвэрлэдэг хувцас зохион бүтээжээ.
Марк Лечинский хэдэн жилийн өмнө дэлхий даяар тархсан Эбола вирусын аймшигт үр нөлөөг харж ихэд цочирджээ.
Гайхан цочирдохын зэрэгцээ нэгэн хачирхалтай зүйлийг анзаарчээ. Эмч, сувилагч нар хамгаалалтын хувцас өмссөн байсан ч олонх нь халдвар авч байв. Эмч, сувилагчдын хувцас бохирдож, тэд хувцсаа тайлж байхад нь вирус бие рүү нь орж байгааг хүү ойлгосон гэдэг. Тиймээс ч Марк эмнэлгийг ажилчдад туслахыг хүсэн тэднийг халдварт өвчнөөс хамгаалах хувцас хийх санаа төржээ. Хүүгийн зохион бүтээсэн хувцас нь товчлуур дарахад л гардаг ариутгалын уусмалын халаастай. Халааснаас гарах ариутгалын уусмал хувцасны бусад хэсэг рүү урсаж, ариутгаснаар халдвар авах эрсдлийг бууруулсан байна. Энэхүү хувцас нь дэлхий даяар олон мянган хүний амийг аварч чадна гэдэгт Марк итгэдэг гэнэ.
7. Сонирхолтой содон бүтээлийн эзэн
Дөнгөж 14 настай Гитанжали бол усан дахь хар тугалга илрүүлдэг машин, хүүхдүүдийг кибер дээрэлхэхээс хамгаалдаг программыг зохион бүтээсэн бяцхан суутан юм. 2014 онд Гитанжали олон мянган хүүхэд усанд хар тугалгад хордож өвдөж байгааг хараад энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авах ёстой гэдгээ ойлгосон гэдэг.
Улмаар хүү Тетис хэмээх хар тугалга илрүүлэгчийг бүтээсэн бөгөөд энэ нь хар тугалга илрүүлэх одоогийн технологиос хамаагүй хурдан бөгөөд хямд байгаа юм.
Хүүгийн төрөлх Колорадо мужид амиа хорлолт өндөр байдаг аж. Хүү энэхүү харамслатай явдлын шалтгааныг судлаад кибер дээрэлхэлт гочлон нөлөөлдөг гэдгийг мэдэж авчээ. Интернэтээр хүмүүс бусадтай, гэмгүй хүүмүүстэй муухай харьцаж байсан учраас Гитанжали хүү өөр хэн нэгэн ийм шалтгаанаар амиа хорлохыг зогсоохыг хүсэн Kindly-г бүтээсэн байна. Kindly бол хиймэл оюун ухаанд суурилсан програм аж. Хэрэв хэн нэгэн рүү илгээх гэж байгаа мессэж тань бүдүүлэг үг хэллэгтэй байвал Kindly танаас уг мессэжээ байгаагаар нь илгээх үү, эсвэл илүү эерэг болгон өөрчлөх үү гэдгийг эсэхийг асуудаг гэнэ.
Энэхүү гайхалтай бүтээлүүдийнхээ Гитанжали хүү Time сэтгүүлийн “Оны шилдэг хүүхэд”-ээр тодорчээ.
Дээр танилцуулсан хүүхдүүд өөрийнхөө болон бусад хүмүүсийн асуудлыг шийдэхийн тулд зоригтой алхам хийж чадсан суутнууд юм. Тэднээс суралцах зүйл маш их.
Олонх насанд хүрэгчид мөнгө, алдар нэр хөөж завгүй байхад зарим хүүхдүүд дэлхийг өөрчлөхийн тулд энгийн хэрнээ үр дүнтэй зүйлсийг хийжээ. Суут ухаантан байна гэдэг зөвхөн оюун ухааны чадамж сайтай, IQ өндөртэй хүмүүст хамаатай ойлголт биш ажээ. Суутан байна гэдэг бусдын төлөө гайхамшгийг бүтээх хүсэл, тэмүүлэл, зорилгоо бодит болгож чаддаг хүүхдүүд үүний тод жишээ билээ.
Эх сурвалж: Nas Daily