Нярай болон нялх хүүхдийн сүү АНУ даяар хомсдох болжээ. Энэ нь бага орлоготой гэр бүлүүдэд харьцангуй хүнд тусч байгаа аж.
АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) пүрэв гарагт улсын хэмжээнд хомсдлыг голлон хариуцдаг хаагдсан нярайн сүүний үйлдвэр ирэх долоо хоногоос эхлэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж магадгүй гэж мэдэгдсэн ч дэлгүүрийн тавиурууд ирэх долоо хоногуудад хоосон хэвээр байх бололтой. Target, Walmart, CVS, Walgreens зэрэг эмийн сан, жижиглэнгийн худалдаачид эцэг эхчүүдийн авах боломжтой хүүхдийн сүүний хэмжээг аль хэдийн хязгаарлаж, нэг хүнд зарах тоогоо багасгах болжээ.
Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академи (AAP) хүүхдийн сүүн тэжээлийн найруулах хэмжээг дур мэдэн өөрчлөхгүй байхыг анхааруулж, “гар хийц”-ийн жор хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Хүүхдийн эмч нар хүүхдийн сүүний хомсдлоос үүдэлтэй хоол тэжээлийн дутагдал нь маш ноцтой байдалд, тэр байтугай гамшигт хүргэж болзошгүйг анхааруулж буй юм.
Хөхөөр хооллох нь хувь хүний сонголт бөгөөд хүн болгонд, жишээлбэл, эрүүл мэндийн байдал таагүй, эсвэл хөхний сүүгээр хязгаарлагдмал эхийн хувьд хүүхдээ нэмэлт тэжээлээр угжихаас өөр сонголт байдаггүй. Хөхөөр хооллох нь хүүхэд үрчилж авсан эцэг эх, харшилтай хүүхдүүдэд бас тохирохгүй. Төрсний дараа ажилдаа яарах шаардлагатай болдог эхчүүд хөхөөр хооллох боломжгүй гэхчилэн хүүхдийн сүүний хэрэглээ маш эмзэг, олон талтай асуудал байдаг.
АНУ бол жирэмсний болон амаржсаны цалинтай чөлөөг баталгаажуулдаггүй дэлхийн цорын ганц өндөр орлоготой улс гэдэг нь ч үүнд нөлөөлнө.
Эх сурвалж: Aljazeera