Урагшгүй бодлогоос болж, улсын эмнэлгүүд туйлдаа хүрч байна. Өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэг л гэхэд сэхээнд байгаа хүнд өвчтөнөө аваад, хувийн эмнэлэг бараадаж байна. Учир нь, эмнэлгийн MRI, компьютерт томограф зэрэг нарийвчилсан оношилгооны төхөөрөмжүүд нь эвдрээд уджээ. Тиймээс юун түрүүнд эмнэлгүүд нь хүнд өвчтөнөө дотроо эмчилж оношилдог болоход төр засаг бодлогоо чиглүүлэх цаг болжээ.
УИХ-ын гишүүд иргэдэд таалагдахын тулд олон янзын популист амлалт өгдөг. Түүний нэг нь УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийн мэдэгдэл байв. Тэрбээр “Гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай хүүхэд болон том хүнд ЭМДС-аас жилд 100 сая төгрөг олгох” санаачилга гаргаад байна. Хэдийгээр, энэ мөнгө зайлшгүй эмчилгээ шаардлагатай иргэдэд нэн хэрэгтэй ч гэлээ цаг үеэ олоогүй байна гэдэг шүүмжлэлийг олон нийт гаргаж байна. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд эмнэлгийн ор, оношилгооны багаж хэрэгслээ шийдчихээд, дараагийн асуудлаа шийд хэмээн сануулж байна. Товчхондоо “Эхлээд худал амлаж, популист мэдэгдэл хийхийнд оронд аминд тулсан өвчтөнөө аврах боломжоо бүрдүүл цаг болжээ. Сэхээнд байгаа хүнд өвчтөнүүд наад захын үйлчилгээ авч байж тэд эсэн мэнд үлдэнэ. Цаашлаад, гадаад улсад эмчлүүлэхээр явах боломж нь бүрдэнэ.
Амь тэмцэн эмнэлгийн орон дээр тарчилж байгаа иргэд төр засгийн шийдвэрийг хүлээж чадахгүй. Хоосон амлалтыг нь сонсоод тэсэж дийлэхгүй. Яг одоо шийдвэрлэ, хэмнэ, иргэдийнхээ амийг авар. Олон нийт хууль тогтоогчдоос, Засгийн газраас ингэж шаардаж байна.