СХД-ийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт хяналт шалгалт хийх үеэр “Мах Импэкс” ХК болон “ХКҮ” ХХК-ийн бүтээгдэхүүний шошго барааны тэмдэг их хэмжээгээр олдсон байна. Уг асуудлыг “Мах Импэкс” ХК-ийн зүгээс үгүйсгээд хуулийн байгууллагад хандан шалгуулах хүсэлт гаргасан байна.
Тэгвэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас,
“Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтаар үйлдвэрийн газар дээр тодорхой хэмжээний зөрчил илэрсэн. Агуулахын бүртгэлгүй. Хятад шошготой, гарал үүсэл нь тодорхойгүй цагаан өнгийг бодисыг хэрэглэж байсан нь илэрсэн. Тиймээс уг бодисыг хэрэглэсэн ус, махнаас дээж авч лабораторид шилжүүлсэн. Нийт 11 төрлийн шинжилгээ авсан. Шинжилгээний хариу эхнээсээ гарч байгаа. Гэхдээ шинжилгээний хариу бидний гар дээр ирээгүй. Мөн компанийн эзэмшигч хэн бэ гэдгийг манай байгууллага шалгадаггүй. Хятад руу гаргах гэж байсан мах мөн эсэхийг асуусан. Гэтэл дотооддоо борлуулж, түгээнэ гэж хэлээгүй. Ямартай ч хаяг шошгогүй бодис хэрэглэж байсан дээр нь Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн хэрэг нээнэ. Өмнө нь Эмээлт орчим дахь махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар ариун цэвэр хангахгүй зэрэг олон зөрчил илэрч байсан. Махны үйлдвэрүүд дандаа хятадын хөрөнгө оруулалттай байсан. Үүнийг нь ч бид өмнө нь мэдээлж байсан.
Мөн “Витафит” компанийн үйлдвэрлэдэг “Гэр” тарагнаас гаднын биет илэрсэн гэх гомдол ирсэн. Энэ дагуу хяналт шалгалт хийхэд тус компани нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд нийт 5000 гаруй тараг үйлдвэрлэсэн. Бүгд худалдаалагдаж дууссан. Тарагнаас гаднын биет илэрсэн гэх таргыг шинжилж үзэх гэтэл тухайн иргэн устгасан гэж хэлсэн. Тиймээс шинжилгээ хийх боломж байгаагүй. “Витафит” компанийн хувьд технологийн шатандаа малын сүү хүлээж авахаас эхлээд гаднын биет орохооргүй шүүлтүүртэй нь батлагдсан. Хадгалах хугацааны хувьд +4-өөс -4 градустай орчинд гурав хоног хадгалах хугацаатай юм билээ. Ингэхээр тухайн иргэн хадгалалтын горим зөрчсөн байх талтай" гэлээ.