Өнөөдөр 19 цагаас Соёлын төв өргөөнд “Монгол найраг төрийн найрал” яруу найргийн үдэшлэг, тоглолт болох гэж байна.
Тоглолтыг МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар, Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэн, яруу найрагч П.Нямлхагва нар зохион байгуулж буй. Бид тоглолтын талаар яруу найрагч Ц.Эрдэнэбаатараас тодрууллаа.
Тэрбээр, “Бид өнөөдөр найман тэрбум хүнтэй дэлхий дээр амьдарч байна шүү дээ. Энэ газар нутаг дээр хэчнээн ч мянган жил болсон юм. Энэ хугацаанд бид өөрийн гэсэн эх хэл, өв соёлыг бий болгосон. Үндэсний нэгдмэл өв соёлыг бий болгодог зүйлсийн анхдагч нь эх хэл шүү дээ.
Эх хэлний манаач гэгддэг энэ яруу хэлийг, тэр дундаа Монгол яруу найраг гэж ямар юм байх юм. Дэлхийн яруу найргаас Ц.Эрдэнэбаатар, П.Нямлхагвын яруу найраг юугаараа өөр юм гэдгийг үзүүлэх гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол сэтгэлгээ, ахуй соёлтой холбогдсон тийм шүлгүүд, Монголын л гэж хэлэгдэх үндэсний их найрал, төрийн найралтай цуг, шүлэг хөгжим хоёрыг найрсуулж үзэгч түмэнд хүргэе гэж байгаа юм.
Мэдээж тархиндаа гэгээ татуулъя гэсэн хүмүүс хүрэлцэн ирж үзэх байх гэж бодож байна. Яруу найраг өөрөө бясалгаж буй тархинд зориулсан зүйлс байдаг. Эх орон, ижий аав, хайр сэтгэлийн шүлгүүдийг хүний тархинаас нь гадна зүрх сэтгэлд хүргэе гэсэн сэтгэлгээгээр шүлгийн тоглолт хийж байгаа. Төрийн их найралтай хоёр яруу найрагчийн тоглолт болох нь ээ гэж ойлгож болно” гэв.