Цэцэрлэгийн газраа булаалгасан 1000 хүүхдийн эцэг, эхийн төлөөлөгч суулт зарлах талаар өнөөдөр мэдээллээ.
Энэ талаар эцэг, эхчүүд "Сүхбаатар дүүрэгт тэр дундаа 9-р хороонд 3300 орчим сургуулийн өмнөх боловсролын буюу 0-5 насны хүүхдүүд амьдарч байгаа. Гэтэл өнөөдөр 9-р хороонд улсын хэмжээний ганц ч цэцэрлэг байдаггүй. Суурь боловсрол эзэмших, ЕБС-ийн боловсрол үнэ төлбөргүй эзэмшинэ гэсэн эрхийг нь шууд ноцтойгоор зөрчиж байна. Нөгөөтээгүүр өнөөдөр 3000 гаруй хүүхдүүд цэцэрлэгт хамрагдана гэхээр харьяаллын дагуу цэцэрлэг байхгүй. Есдүгээр хорооны нутаг дэвсгэр дээр улсын хэмжээний цэцэрлэг байхгүй гэдэг үүднээс зарим боломжтой эцэг эхчүүд хувийн цэцэрлэгт хүүхдүүдээ өгч байна. Улмаар боломжгүй нэг нь хүүхдүүдээ гэртээ хараад суухаас өөр аргагүй байдалд хүрч байна. Өнөөдөр цэцэрлэг барих боломжтой ганц цэцэрлэг барина гэж байсан газарт нь орон сууц барьж байна. Цэцэрлэг барих газар өгөхгүй байж орон сууц барь гээд яаж одоо ийм увайгүй шийдвэр гаргаад зөвшөөрлийг нь өгч байгаа юм бэ!? Өнөөдөр бидэнд мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргахад хариу ирсэн. Хариу нь энэ барилга зөвшөөрлийн дагуу баригдаж байгаа юм байна гэсэн. Сүхбаатар дүүргийн 9-р хорооны 293, 289-р байрны оршин суугчдад болон Дөлгөөн нуур апартмент СӨХ-ийн иргэдэд гэж байгаад ийм хариу хүргүүлсэн. Ийм хууль ёсны зөвшөөрлийг яаж өгч чадаж байна. Өнөөдөр та бүхэн очоод үзээрэй. Тэнд орцоосоо гараад хүүхэд машинд дайруулах эрсдэлтэй. Ерөөсөө орц нь зам руугаа харчихсан. Тойроод битүү том оврын машинууд, өчигдөр орой гэхэд хоёр хүүхэд машинд мөргүүлээд Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Хотын удирдлагууддаа, энэ зөвшөөрөл өгөөд байгаа хүмүүстээ, энэ мэргэжлийн хяналтын газрынхан дүгнэлт гаргаад бидэнд хариу ирүүлсэн байцаагч нарт хандаж хэлэхэд та бүхэн очоод үзээч ээ.
Тэнд ямар шударга, хууль ёсны газар зураг нь гараад байшин барих гэж байгаа юм бэ? Дүүрэгт нь хандахаар дүүрэг нь өөдөөс баахан албан бичиг нэхдэг. Маш олон юм нэхэж ярьдаг. Өнөөдөр есдүгээр хорооны өрхийн эмнэлгийг та бүхэн хараарай. Ачааллаа дийлэхгүй. Хоёр сургуультай. 16-р сургууль, 4-р сургууль. Өөр сургууль байхгүй.
Энэ ойрхон шавааралдсан барилга бариад хэрвээ гал гарвал, газар хөдөлбөл гал командын машин орох боломжгүй. Түргэн тусламжийн машин орох боломжгүй шавааралдсан барилга барих нь зөв үү? Д.Сумъяабазар дарга иргэдийн жил гэж зарласан боловч иргэдээ чиглэсэн захирамж гаргаж байгаа юу гэдгээ бас эргэж хараач ээ гэж хүсмээр байна.
Оршин суугчид эцэг, эхчүүдийн маань 1000 гаруй гарын үсэг төлөөлөл болсон гарын үсгийг цуглуулсан байгаа. Хэрэв 1000 гаруй эцэг эхчүүдийн маань төлөөлөл хотын дарга цэцэрлэг барьж өгөхгүй бол бид энэ хэвлэлийн бага хурлаараа цаашдын арга хэмжээ буюу суулт зарлахаа мэдэгдэж байгаа юм" гэж хэллээ.