Энэтхэгийн томоохон хэсэг энэ жил эрт халуу орж агаарын хамгийн өндөр температурт нэрвэгдэж байгаа. Энэ нь улаан буудайн ургацад заналхийлж байгаа аж. Украины дайнаас болж дэлхийн улаан буудайн зах зээл хэдийнээ дарамтад ороод буй үед Энэтхэг дэх хэт халалт байдлыг улам дордуулах магадлалтай юм.
1. Агааржуулагч ба мөсөн дөрвөлжүүд
Энэтхэгт онцгой халуун болж байна. Энэтхэгийн төв хэсэгт орших 1.5 сая хүн амтай Ражгарх хотод агаарын температур 46.5 хэмд хүрч, бусад есөн хотын термометр 45 хэмээс дээш хэмийг зааж эхэлжээ. Шинэ Дели хотын гудамжинд халуунтай тэмцэх бүх зүйл амархан зарагддаг нь гайхах зүйл биш болжээ.
2. Хэт халалт нь хог хаягдлыг хүртэл шатааж эхлэв
Хэт өндөр температур Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод асар том хогийн цэгийн хогуудыг хүртэл шатаажээ. Лондон дахь Империал коллежийн цаг уур судлаач Фридерик Отто хүний гараар бүтсэн уур амьсгалын өөрчлөлтөөс өмнө ийм халууны долгион ойролцоогоор 50 жилд нэг удаа тохиолддог байсныг тэмдэглэжээ. Одоо тэд дөрвөн жилд нэг удаа тохиолддог болоод буй.
3. Өндөр настан, ядуу хүмүүс эрсдэлд ордог
The Lancet сэтгүүлийн 2021 оны тайланд дурдсанаар, Энэтхэгийн хэт халуунд өртөмтгий байдал 1990-2019 он хүртэл 15%-иар өссөн байна. Энэтхэг улс нь өндөр настан, ядуу хүмүүс зэрэг эмзэг бүлгийн хүмүүс халууны аюулд хамгийн их өртдөг эхний таван орны нэг юм. Бразилтай зэрэгцэн Энэтхэг улс халуунаас үүдэлтэй нас баралтаараа дэлхийд тэргүүлдэг.
4. Хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлж байна
Эмнэлгийн мэргэжилтнүүд халуунаас үүдэлтэй өвчний тохиолдол нэмэгдэж байгааг анхааруулж байгаа бөгөөд өндөр температур нь Ковид-19-ийн дөрөв дэх давлагаанаас илүү аюул заналхийлж байна гэж үзжээ. Гэхдээ энэхүү хямрал нь хүмүүсийн эв нэгдлийг бий болгодог гэнэ. Калькуттагийн энэ оршин суугч л гэхэд хажуугаар нь өнгөрөх хүмүүст хүйтэн ус тарааж туслаж байгаа аж.
5. Хэт халуун улаан буудайн ургацад заналхийлж байна
Энэтхэгийн тариачид ургац хураалтын талаар санаа зовж байгаа нь одоогийн дээд температурын улмаас биш, харин энэ 3-р сар 1901 онд температурын бүртгэл эхэлснээс хойших хамгийн халуун 3-р сар болж байгаатай холбоотой. Улаан буудайн үр тариа ихэвчлэн гуравдугаар сард боловсордог бөгөөд энэ үедээ халуунд онцгой мэдрэмтгий байдаг ажээ.
6. Ургац багасаж байна
Өвөл ердийнх шигээ сэрүүн болоогүй, харин зун нь хэт халуун болж хувирсан тул авах ургац нь нүдэн дээр нь багасаж байгааг Сангрур хотын Балдев Сингх хэмээх тариачин эр ярьжээ. Энэтхэгийн талхны сагс гэгддэг Пенжаб мужийн тариачин эр ургацынхаа тавны нэг орчим хувийг алджээ. Бусад тариаланчид бүр ч хүнд цохилтод өртсөн гэнэ.
7. Улаан буудайн экспорт аюулд оров
Улаан буудайн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог Энэтхэг улс уламжлалт ёсоороо ургацынхаа багахан хэсгийг экспортолдог. Украины дайны улмаас улаан буудайн хомсдолд орсон уг зах зээлд Энэтхэг улс нэвтэрч, дэлхийн улаан буудайн үнийн өсөлтөөс ашиг хүртэх төлөвлөгөөтэй байлаа. Харамсалтай нь үүнийг үргэлжлүүлэх нь "дотоод улаан буудайн хүртээмжид ихээхэн дарамт учруулах болно" гэж Чандигарх дахь хөдөө аж ахуйн мэргэжилтэн Девиндер Шарма хэлжээ.
Эх сурвалж: DW News