АНУ-ын биотехнологийн Модерна компани зургаан настай хүүхдэд зориулсан Ковид-19-ийн эсрэг вакциныг АНУ-д яаралтай хэрэглэх зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлсэн гэдгээ мэдэгджээ. Уг вакцины туршилтад хоёроос зургаан насны 4200 хүүхэд, зургаан сараас хоёр нас хүртэлх 2500 хүүхэд оролцсон байна.
АНУ болон ихэнх улс орнуудад Ковид-19-ийн эсрэг вакцинд хамрагдах боломжгүй цорын ганц бүлэг бол маш бага насны хүүхдүүд байгаа нь олон эцэг эхчүүдийн санааг зовоож буй. Модерна компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансел "Энэ вакцин хүүхдүүдийг SARS-CoV-2-аас найдвартай хамгаална гэдэгт бид итгэж байгаа нь бидний Ковид-19-ийн эсрэг үргэлжилсэн тэмцэлд маш чухал" гэж мэдэгдэлдээ дурджээ.
Өнгөрсөн гуравдугаар сард тус компани туршилтынхаа үр дүнг зарлаж, хоёр удаагийн эмчилгээ нь аюулгүй бөгөөд дархлааны хариу урвал хүчтэй байгааг харуулсан аж. Тодруулбал, нялх, бага насны болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд 25 микро граммыг хоёр тунгаар хэрэглэхэд хоёр тунтай ижил хэмжээний эсрэг биет үүсгэсэн. Харин 18-25 насны залуучуудад 100 микро грамм тунгаар хэрэглэх нь вирусийн ноцтой тохиолдлуудаас ижил түвшинд хамгаалалттай байх болно гэдгийг харуулж байгаа гэнэ. "Одоогийн байдлаар зургаагаас доош насны хүүхдүүд Америкийн хүн амын дунд вакцинд хамрагдаагүй хамгийн том бүлэг болж байна" гэж доктор Фил хэлээд "Тэд вирус үргэлжлүүлэн тархаж, улмаар эрсдэлтэй өндөр настай хүмүүст халдварлах тараах магадлалтай. Тиймээс хүүхдүүдийг вакцинжуулах маш чухал" хэмээн мэдэгдсэн байна.
Хүүхдэд зориулагдсан вакцины туршилтын гаж нөлөө нь ерөнхийдөө хөнгөн, ахимаг насны бүлгүүдэд ажиглагдсантай ижил байжээ. Тодруулбал, зургаан сартайгаас хоёр нас хүртэлх хүүхдэд хийсэн вакцины үр нөлөө 51 хувь, хоёроос таван насны бүлэгт 37 хувьтай байсан аж.
Хоёрдугаар сард АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) таваас доош насны хүүхдэд зориулсан Pfizer-BioNTech COVID вакциныг хэлэлцэх хэсгийн хурлыг хойшлуулж, асуудлыг хэлэлцэхээс өмнө гурван тун хэрхэн хийгдсэн талаарх мэдээллийг харахыг хүсэж буйгаа мэдэгджээ.
Одоогоор АНУ-д Модернагийн вакциныг зөвхөн 18-аас дээш насны буюу насанд хүрэгчдэд хэрэглэхийг зөвшөөрдөг бол Pfizer-ийн вакциныг таваас дээш насныханд ашиглах боломжтой.
Эх сурвалж: Аljazeera