Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх, хувийн туслах бэлтгэх, хөдөлмөрт бэлтгэх чиглэлээр туршилтын судалгааны төслийг “Түгээмэл Хөгжил” ТББ-тай хамтарч 2021 оны арваннэгдүгээр сарын 25-наас 2022 оны нэгдүгээр сарын 25-ны хооронд хэрэгжүүлжээ.
Туршилтын судалгааны төсөлд хувийн туслах үйлчилгээний дэмжлэг шаардлагатай 35 хөгжлийн бэрхшээлтэй хүн хамрагдаж, 100 орчим хувийн туслах ажилтан бэлтгэж, хувийн туслах үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд нь нийцсэн үйлчилгээ болгож хөгжүүлснээр хөдөлмөр эрхлэх, нийгмийн амьдралд бусдын адил эрх тэгш оролцох, асран хамгаалагч нь хөдөлмөр эрхлэх боломжтой гэдгийг туршилтын судалгааны үр дүн харуулсан байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн А/187 тоот тушаалаар батлагдсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх”, "Зөвлөлдөх бүлэг буюу харилцан суралцах, зөвлөгөө өгөх" үйлчилгээний журам 2022 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэдэд мэдээлэл өгөх, уламжлал болгон зохион байгуулдаг цахим “Мэдээллийн цаг”-ийн уулзалтад “Түгээмэл хөгжил төв”-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнхжаргал оролцож, туршилтын судалгааны төслийн үр дүнг танилцуулсан юм.
"Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх" болон "Зөвлөлдөх бүлэг буюу харилцан суралцах, зөвлөгөө өгөх" үйлчилгээний журамтай ЭНД ДАРЖ танилцана уу.
Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар