Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд дотоодын үйлдвэрлэгчид, импортлогчид, сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.
Тэрбээр уулзалтын эхэнд “Засгийн газар эхний нэг жил цар тахалтай тэмцсэн цаг хугацаа байлаа. Жилийн өмнө ихэнх аж ахуйн нэгж хязгаарлалтад, улсын төсөв 23 хувиар тасарч, эдийн засаг хасах 5.3 хувьтай байсан үе. Вакцинжуулалтыг амжилттай явуулсны дүнд энгийн амьдралын хэмнэлдээ шилжээд байна. Гэсэн ч өмнөд хөрш БНХАУ-д цар тахлын халдвар эрчимжиж, хойд хөрш ОХУ-Украин улсын хооронд хямралт нөхцөл байдал давхцсанаас үүдэн хүнс, түүхий эд, бүтээгдэхүүний татан авалт удааширч, валютын хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан олон хүндрэл тулгарч байна.
Бараа бүтээгдэхүүний үнийг төр зохицуулах ёсгүй, зах зээлийн зарчмаараа явах ёстой гэсэн бодолтой байдаг. Харамсалтай нь, олон улсын нөхцөл байдал үнэ тогтворжуулахад төр оролцохоос өөр аргагүйд хүрч, Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-аар батлуулж, энэ оны төсвийг тодотгохоор хэлэлцүүлж байна. Инфляци 15-16 хувьтай байгаа, үүнд нөлөөлдөг мах, гурил, шатахууны үнийг тогтвортой байлгахад аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл, шатахуун импортлогчдод татаас олгохоор шийдвэрлэсэн. Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн албан татварыг чөлөөлөхөөр төсвийн тодотголын төсөлд тусгасан. Энэ оны III, IV улиралд эдийн засаг хүнд сорилттой нүүр тулж, ирэх оны нэгдүгээр хагасаас өсөлттэй гарах прогнозыг олон улсын байгууллагууд хийжээ. Амаргүй энэ нөхцөлд хүнсний худалдааны салбарын төлөөлөл та бүхнийхээ санаа бодлыг сонсохоор уулзалт зохион байгуулж байна” гэлээ.
Энэ үеэр “Апу дэйри” компанийн захирал Г.Баярмагнай “Монгол хүний сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Манай улс жилд 30 орчим сая тн хуурай сүү импортоор авдаг. Олон улсад нэг хүнд ногдох сүүний жилийн хэрэгцээ 160-180 литр байдаг бол манайд 30-50 литр байна. Үүнийг яаж гурав дахин өсгөх вэ. Бид 1000 орчим малчин өрхөөс сүү цуглуулдаг. Цаашид 21 аймаг, бүс нутгуудад сүүний цэг байгуулах шаардлага бий. Үүнийг хийж чадвал 5000 орчим малчин өрхийн орлого нэмэгдэнэ. Мөн хатаасан сүүний үйлдвэр байгуулбал малчид зундаа сүүгээ өгөөд өвөлдөө үр өгөөжийг нь хүртэх боломжтой. Эдгээрийг хийж чадвал импортод гарч буй валют дотооддоо үлдэнэ” гэлээ.