УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж Монгол улсын өр болон эрчим хүчний салбарын компаниудын хувьчлалтай холбоотой асуудалд сангийн сайд Б.Жавхлан тайлбар өглөө.
Тэрбээр “Нэгдүгээрт, Монгол улсын Засгийн газрын өр ДНБ-ий харьцаа, гадаад өр хуульчилж өгсөн хязгаар дотроо байгаа. Засгийн газрын өргөн барьсан тодотголоор орж ирж байгаа баталгаануудыгаа багтаагаад одоогийн үнэ цэнээрээ 60,7 хувь байгаа. Байх ёстой дээд хязгаар нь 70 хувь. Хязгаараа бид барьж байгаа.
Хоёрдугаарт, Эрчим хүчнээс гадна нийтдээ 37 компани дээр төрийн өмчийн үйлдвэрийн газрын бүтцийн өөрчлөлт хийнэ. Маш олон жил ярьсан. Үүнийг энэ удаагийн их хурал дэмжсэн. Засгийн газрын төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэмжинэ гэж найдаж байна. 37 компаниас 11 нь эрчим хүчний төрийн өмчит үйлдвэрийн газрууд байгаа. Үүнээс хоёр компанийг үлдээгээд цаана байгаа 9 эрчим хүчний төрийн өмчит үйлдвэрийн газрууд дээр 34 хувь хүртэл дотоодын үнэт цаасны бирж дээр гаргаж олон нийтийн хяналт руу оруулах засаглалыг нь сайжруулах хэлбэрээр явах санал дээр нэгдсэн” гэж хэллээ.