Өчигдөр хүчтэй салхины улмаас Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын өвсний агуулахын дээвэр, бага, дунд 2 сургуулийн дээвэр, 4 айлын гэр нурж, 6 айлын байшин, 1 цайны газар, 2 гарааш, нэг дэлгүүрийн дээвэр хууларчээ. Мөн сумын төвөөс баруун урд зүгт 72 км-т Бор булгийн Улсын нөөцийн цэгийн дээвэр хууларч, өндөр хүчдэлийн 3 шон унасан байна.
Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн “Хулгар” гэдэг газар 19:00 цагийн үед 22-25 м/секунд хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас хоёр айлын гэр нурсан байна. Мөн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэмжит байгийн Ур нарийн гэдэг газар хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 3 айлын гэр нуржээ.
Өнөөдөр өглөөний 08:00 цагийн Цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0-10 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Үүнээс хамгийн их нь Булганы Хангал, Хэнтийн Дадалд 10 сантиметр Дорнодын Баяндунд 9 сантиметр, бусад хэсгээр 0-6 сантиметр зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Эх сурвалж: ЦУОШГ, ОБЕГ