Их Британийн засгийн газар Челси хөлбөмбөгийн клубын эзэн Роман Абрамовичийн бизнесийн түнш гэгддэг Оросын хоёр олигархийн 10 тэрбум фунт стерлингийн (13 тэрбум ам. доллар) хөрөнгийг битүүмжилсэн гэдгээ зарлалаа.
Евгений Тененбаум, Давид Давидович нар ОХУ-ын Украин дахь түрэмгийллийн хариуд Их Британийн засгийн газраас хориг арга хэмжээ авсан олигархуудын жагсаалтад орсноор уг хар жагсаалтад орсон оросын бизнесмэнүүдийн тоо 106-д хүрлээ.
Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс энэ шийдвэр нь "Их Британийн түүхэн дэх хамгийн том хөрөнгийг царцаах арга хэмжээ" бөгөөд энэ нь тэдний хөрөнгийг "Орост “хүрч” Ерөнхийлөгч Владимир Путины дайны машиныг санхүүжүүлэхэд ашиглахаас урьдчилан сэргийлэх болно" гэж тайлбарлав.
Абрамовичийн хөрөнгийн бодит дүн тодорхойгүй байгаа ч OCCRP (Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын судалгааны төв)-ийн мэдээлснээр түүний хөрөнгийн доод хэмжээг 9.9 тэрбум ам.доллараар үнэлсэн бол Форбес-ийн хянагч 8.3 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ.
Тененбаумын хувьд Абрамовичийн хамгийн ойрын бизнесийн хамтрагчдын нэг. Тэрээр 2003 оноос хойш "Челси" клубын захирлуудын зөвлөлд ажиллахаас гадна 2-р сарын 24-нд Путин Украины эсрэг өдөөн хатгасан халдлагаа эхлүүлсэн тэр өдөр Абрамовичтэй холбоотой Ervington Investments Limited хөрөнгө оруулалтын компанийг хүлээн авсан аж.
Евгений Тененбаум, Давид Давидович нар 2005 онд Оросын төрийн өмчит Газпром компанид 13 тэрбум ам.доллараар худалдсан нефтийн компани болох "Сибнефть"-тэй холбоотой гэдгээрээ Абрамовичийн холбоотон гэгдэж буй.
Сүүлийн хоёр сарын хугацаанд Их Британиас Оросын олигархиудын эсрэг авсан хориг арга хэмжээ нь тэдний Путинтэй хувийн болон санхүүгийн холбоотой гэсэн ганц шалтагтай. Их Британи Оросын элитүүд, олигархууд болон Кремльтэй хамгийн ойр байгаа хүмүүсийн эсрэг "Путин Украинд бүтэлгүйтэх хүртэл хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ" гэж албаны хүн мэдэгдсэн юм.
Эх сурвалж: OCCRP