Ю фильм ба Номадиа фикчэрсын уран бүтээлчид хамтран Яаралтай тусламжийн тасгийнхан олон ангит уран сайхны кино бүтээсэн. Тэгвэл уг киног Нүүр ам судлалын салбарын талаар олон нийтэд буруу ойлголт төрүүлэхээр зүйлс гарч байгаа тул тус салбарын эмч мэргэжилтнүүд эмзэглэж байгаагаа илэрхийлж мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд,
"Ю фильм ба Номадиа фикчэрсын уран бүтээлчид хамтран бүтээж Монгол телевизээр цацаж буй “ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСГИЙНХАН” олон ангит уран сайхны кинон дээр Нүүр Ам Судлалын салбарын хамт олны өнөөг хүртэл хөгжиж ирсэн ололт амжилтыг үгүйсгэсэн, олон нийтэд тус салбарын талаар буруу ташаа ойлголт төрүүлэхээр зүйлс гарч байгаад Нүүр ам судлалын салбарт харьяалагдах мянга мянга эмч мэргэжилтнүүд эмзэглэж байгааг илэрхийлж энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна.
Монгол улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн сүүлийн 30 гаран жилийн хугацаанд Монгол улсын Нүүр Ам Судлалын салбарын хөгжил дэвшил өндөр түвшинд хүрсэн бөгөөд эмчилгээ үйлчилгээний нэр төрөл, чанараар Азийн болон дэлхийн хөгжингүй орнуудтай эн зэрэгцэхүйц түвшинд хүрсэн гэдгийг тус киног бүтээж буй уран бүтээлчид тунгаан бодож манай салбарын тухай ямар нэгэн уран бүтээл туурвихдаа салбарын хамт олноос мэдээ мэдээлэл авч бодит байдлыг үнэн зөвөөр дүрслэн харуулж хүндэтгэлтэй хандахыг хичээнгүйлэн хүсье.
ЭМЯ, НҮҮР АМ СУДЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ" гэж бичжээ.