Бизнес өрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадралтай болон “Монполимет групп”-ийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан “Премиум групп”-ийн ТУЗ-ийн дарга А.Ганхуяг нартай ярилцлаа. Ярилцлагын үеэр “Премиум групп”-ийн ТУЗ-ийн дарга А.Ганхуяг CU сүлжээ дэлгүүр импортоос хамаарахгүй дотооддоо ногоо үйлдвэрлэж, салбар дэлгүүрүүдээр худалдаалах боломжтой болж буй тухай ярилаа.
-Ковидийн нөхцөл байдал ч, одоо үүсээд байгаа олон улсын асуудал ч дотооддоо импортоос хараат бус байх, хүнсний аюулгүй байдалтай байх шаардлага тулгарч байна. Та бүхэн компани дээр импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл судалж байна уу?
Ковидын үед Монгол улс үйлдвэрлэгч юм уу, үгүй юм уу гэдгийг л шалгачихлаа. Импортоос маш том хамааралтай улс гэдэг нь батлагдлаа. Махны хувьд малын тоо толгой өндөр учраас асуудалгүй байна. Гэтэл хүнсний ногоон дээр маш их асуудал гарлаа. Хятадын хил хаагдаад л ногоогүй болсон. Европоос хөлдөөсөн ногоонууд л цөөхөн орж ирсэн. Хүнсний аюулгүй байдал гэдэг маш том асуудал гэдгийг бид сая ойлгож авлаа. Манай компани энэ тал дээр нэлээн судалгаа хийж байна. Дотооддоо нарийн ногоо, ялангуяа ногоон өнгөтэй навчит ногоонуудыг яаж үйлдвэрлэж, тарьж ургуулж болох тал дээр Солонгосын мэргэжлийн том компанитай судалгаа хийгээд бараг дуусаж байна. Удахгүй санхүүжилтийн асуудлаа, схемүүдээ тохирчих юм бол хөрөнгө оруулалтыг энэ жилдээ багтаагаад эхлүүлчих болов уу гэж бодож байна.
Бид жил хагасын дотор дотоодоосоо нарийн ногоогоо авдаг болно.
-CU-н сүлжээ дэлгүүрүүдээс шинэ ногоо авч идэх нь байна тийм үү?
Мэдээж CU сүлжээгээр авах боломжтой болно. Бид эхний ээлжид, нэгдүгээр үе учраас зах зээлээ судална. Шинэ ногоо хэрэглэх зах зээл нь хэр том байна гэдгийг үзэх байх. Түүнийг туршиж үзсэний дараа өргөжилтийн ажил яригдах болов уу. Энэ бол мэдээж хажуугаар нь бодох ёстой хүнсний аюулгүй байдлын нэг том бие даасан зүйл.
Макро эдийн засгийн төвшинд улс орны үйлдвэрлэл, салбарын хөгжлийг зөв зохион байгуулалт хийх нь хамгийн чухал. Мянга микро төвшинд компаниуд ажиллаад, суурь орчин нь сайн бүрдэж өгөхгүй бол эргээд дампуурч байгаа. Маш том хэмжээний хөрөнгө оруулалт хийчихдэг, тэгээд дампуурдаг. Хамгийн энгийн наад захын зохицуулалт юу вэ гэхээр хангамж муудсан үед импортын тарифаар зохицуулах зохицуулалт шаардлагатай. Одоо дотоодын үйлдвэрлэл үнэхээр хэцүү болоод, хүрэлцэхгүй болоод ирэх үед импортынх нь тарифыг багасгаад, намар маш их хэмжээний ногоо дотоодын үйлдвэрлэгчдээс бий болж байгаа тохиолдолд импортын тарифаа өндөр болгож болно. Бүр болохгүй бол квот тогтоогоод хязгаарлаж болно. Иймэрхүү зохицуулалтыг бид уян хатан зөв тухайн үед нь мэдэрч хийхгүй л бол маш олон үйлдвэрлэгч хөрөнгө оруулагчдыг хохироож байна.
ярилцлагын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү!