Эдийн засгийн чуулган Төрийн ордонд болж байна. Чуулганыг нээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн мэндчилгээг ЕТГ-ын дарга Я.Содбаатар уншиж танилцууллаа.
Түүний мэндчилгээнд "Хүн төрөлхтөн хүндхэн бэрхшээлтэй нүүр тулж буй энэ цаг үед Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөгөө нарийвчлан тодорхойлох зорилгоор зохион байгуулагдаж буй Монголын эдийн засгийн чуулганд оролцож буй та бүхэнд чинь сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Гурван жил завсарласны эцэст цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд дэлхий даяараа анхаарч буй энэ цаг үед Монголын эдийн засгийн чуулган зохион байгуулагдаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой. Өнгөрсөн намар Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлт, төр, хэвийн хэвшил, баялаг бүтээгчдийн зөвлөлдөх уулзалтаар иргэд, хувийн хэвшлийнхэний санал зөвлөмжийг төр засаг түлхүү сонсож, тодорхой бодлого чиглэлүүдийг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Харин энэ удаагийн эдийн засгийн чуулганаар эдийн засагт үүсээд буй шинэ сорилтуудыг хэрхэн даван туулах, Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого болон бусад цаг үеийн асуудлаар тодорхой санал солилцох, гарц шийдлүүдийг тодорхойлоход өнөөдрийн чуулганы үндсэн зорилго оршиж байна.
Цар тахлын нөлөөний улмаас дэлхийн эдийн засаг 2020 онд 3.5 хувиар агшиж, дэлхийн II дайнаас хойших хамгийн хүн цохилтыг авсан. Мөн олон улсын хэмжээнд инфляцийн түвшин 2008 оны хямралаас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ. Бусад улсын адил Монгол Улсын эдийн засаг цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жил ихээхэн хүндрэл амссан ч төр засгийн зүгээс багагүй хэмжээний төсөв мөнгө зарцуулж, иргэд, хувийн хэвшилтэй хамтран ажилласны үр дүнд сэргэлт ажиглагдсан.
Хэдийгээр 2022 онд гарсаар дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоотой уялдан Монголд цар тахлын давлагаа намжсан ч бүс нутгийн орнуудад цар тахлын давлагаа үргэлжилж, мөн геополитикийн хурцадмал байдал өрнөж, дэлхий нийтийг хамарсан тээвэр ложистикийн хүндрэл, бараа үйлчилгээний үнийн өсөлт зэрэг Монголын эдийн засгийн сэргэлтэд нөлөөлж байна.
Цар тахал, олон улсын геополитикийн асуудал Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа нэн яаралтай эрс сайжруулахыг санууллаа" гэв.