Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн ээлжит хуралдаанаар нэр бүхий 13 хүнийг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх 13 шүүгчийг томилуулах асуудлаар ШЕЗ өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийхээр болжээ.
Шүүх байгуулах тухай 2013 оны хуульд нийцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс давж заалдах болон анхан шатны шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөх, эгүүлэн томилох саналыг Ерөнхийлөгчид 2013 онд өргөн мэдүүлэх үед нэр бүхий 12 шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн боловч буцааж томилоогүй үлдээсэн, зарим шүүгч нарыг өөр шүүхэд шилжүүлсэн асуудал маргаан дагуулсаар байв.
Шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн боловч томилогдоогүй шүүгч нар Үндсэн хуулийн Цэц, шүүхэд болон холбогдох байгууллагуудад хандсан. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр 0070 дугаартай шийдвэр гаргаж, нэр бүхий 12 хүнийг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн Ерөнхий зөвлөлд даалгасан юм.