ОХУ-ын Украинд хийсэн дайралтаас болж Герман улс "ядуурах болно" гэж Германы Засгийн газрын Эдийн засгийн сайд анхаарууллаа. Эрчим хүчний үнэ огцом өсөх нь инфляцийг дээд хэмжээнд хүргэж, Европын хамгийн том эдийн засгийг уналтад оруулах аюул заналхийлж байгаа гэдгийг Эдийн засгийн сайд Роберт Хабек ярилцлага өгөх үеэрээ хэллээ.
Сайд Роберт Хабек лхагва гарагт ZDF олон нийтийн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө "Энэ дайнаас Германы нийгэмд ямар ч зардал гарахгүйгээр дуусах боломжгүй" гэжээ. Тэрбээр цааш нь “Украинд учирч буй зовлонтой харьцуулахад хангалттай бага энэ үнийг бид төлөхөд бэлэн гэдэгт би итгэж байна” гэсэн аж.
Урьдчилсан тоо баримтаар Герман улсын инфляци гуравдугаар сард 7.3%-д хүрсэн гэж тус улсын Холбооны статистикийн газраас мэдээлсэн нь сүүлийн 40 гаруй жилийн хамгийн дээд түвшин юм. Инфляци өсөхөд нөлөөлсөн гол буруутан нь байгалийн хий, газрын тосны үнэ өмнөх жилээс бараг 40%-иар өссөн явдал юм.
Орос Украинд довтлохоос хэдэн сарын өмнө эрчим хүчний үнэ өсөх магадлалтай гэгдэж байсан ч дайн Европт нийлүүлэлтийн хямралд хүргэнэ гэсэн болгоомжлол нь үнийг улам бүр өсгөжээ. Энэ нь Оросын эрчим хүчний Европ дахь хамгийн том хэрэглэгч Германы хувьд онцгой анхаарахаас аргагүй нөхцөл байдлыг бий болгосон.
Германы Засгийн газар лхагва гарагт ОХУ-тай хийсэн төлбөрийн маргаан нь "найрсаг бус" улс орнуудаас байгалийн хийн төлбөрийг гэрээнд заасан евро эсвэл ам.доллараар бус рублээр төлөхийг шаардсан нь хомсдолд хүргэж, эцэст нь хэмнэлтийн дэглэм тогтооход хүргэж болзошгүй байна.
Эх сурвалж: CNN News