Холбооны агентууд АНУ Мексикийн хилээс 700000 гаруй ам.долларын кокаин хураан авсан гэж АНУ-ын Гааль, Хил хамгаалах алба (CBP)-наас мэдэгдэв.
Техас болон Мексикийн Тамаулипас мужийг холбосон Рио Грандег дайран өнгөрдөг Хидалго олон улсын гүүрнээс пүрэв гарагт хар тамхины бодис тээвэрлэхээр завдсаныг Гаалийн болон Хилийн хамгаалалтын албаныхан саатуулжээ.
CBP-ийн ажилтнууд Мексикээс гүүрээр гарч буй микроавтобуст нарийвчилсан шалгалт хийж тээврийн хэрэгсэлд нуусан кокаин байж болзошгүй 37 боодолтой сэжиг бүхий нунтаг байсныг илрүүлжээ. 37 боодол нийт 92.72 фунт жинтэй байсан аж. Уг нунтаг кокаины нийт үнийн дүн нь 700 000 гаруй ам.доллар болох юм.
Боодолтой нунтаг болон тээврийн хэрэгслийг хураан авч, тээвэрлэгчдийг саатуулсан гэж CBP мэдэгдээд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгааг дурджээ.
Боомтын захирал Карлос Родригес мэдэгдэлдээ "Манай CBP-ийн ажилтнууд сонор сэрэмжтэй байж, хууль бусаар хил нэвтрүүлэх оролдлогыг таслан зогсоохын тулд өөрсдийн туршлага, боломжтой бүх хэрэгсэл, нөөцөө шавхан ажиллаж байна" гэж мэдэгджээ.
Энэ оны эхээр CBP-ийн ажилтнууд Хидалго гүүрэн дээр 310, 700 долларын үнэ бүхий кокаиныг тус тус хураан авсан юм.
Эх сурвалж: CNN News