Хятадын төрийн телевиз CCTV 2 жилийн дараа Америкийн сагсан бөмбөгийн лиг буюу NBA-ын тоглолтыг гаргаж эхэллээ. Хятад дахь үзэгчид Лхагва гарагт Лос Анжелес Клипперс – Юта Жазз багтай хийсэн тоглолтыг үзсэн нь 2020 оны 10-р сараас хойш CCTV-ээр гарч буй анхны NBA-ын тоглолт болж байна.
Хьюстон Рокетс багийн тухайн үеийн менежер Дэрил Мори 2019 онд Хонконгийн ардчиллыг дэмжигч жагсаалыг дэмжин жиргэснээс хойш CCTV NBA-г хар жагсаалтад оруулсан юм. Энэхүү жиргээ нь ивээн тэтгэгчид болон түншүүд нь лигийн хамгийн том гадаад зах зээл болох NBA-тай харилцаагаа тасалснаар нэн даруй эсэргүүцэлтэй тулгарсан явдал болсон юм.
Тэр цагаас хойш Хятад дахь тоглолтуудыг зөвхөн Tencent интернет стриминг платформоор дамжуулан үзэх боломжтой болсон билээ. Хятадын Үндэсний телевиз лхагва гарагт тоглолтыг үзүүлэх болсон шалтгаанаа тайлбарлаагүй гэнэ.
Зарим хөгжөөн дэмжигчид лиг улсын телевизэд эргэн ирснийг тэмдэглэж байхад бусад сошиал медиа хэрэглэгчид, тодруулбал Weibo платформын хэрэглэгчид ичгүүр сонжуургүй, мөнгөнд шунасандаа NBA-г дамжууллаа хэмээн шүүмжилжээ.
NBA-гийн Хятад дахь бизнесийн үйл ажиллагаа нь CNBC-ийн мэдээлснээр 5 тэрбум гаруй ам.доллартай тэнцдэг аж. The New York Times сонинд бичсэнээр сагсан бөмбөг бол олон зуун сая шүтэн бишрэгчдийг төлөөлдөг зах зээлтэй тус улсын хамгийн алдартай спорт ажээ.