Хятадын зүүн хэсэгт осолдсон онгоцны хоёр дахь хар хайрцгийг олсон байна. Хурд, өндөр, чиглэлийн мэдээллийг агуулсан хар хайрцгийг ням гарагт олсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Даваа гарагт Куньмин хотоос Гуанжоу руу ниссэн Боинг 737-800 онгоц Гуанси мужийн уулын энгэрт унасан нь сүүлийн арван жилд тохиолдсон хамгийн аймшигтай онгоцны осолд тооцогдож байна. Эхний хар хайрцгийг лхагва гарагт олж, шинжилгээ хийлгэхээр Бээжин рүү илгээсэн юм. Шинжилгээг дуусгахад дахиад хэд хоног шаардагдах бололтой.
Гал сөнөөгчид, эмч нар, мөрдөн байцаагчид зэрэг олон зуун хүн ослын газар ажиллаж, зорчигчдын цогцос, онгоцны сэгийг цуглуулж байна. Бямба гарагийн орой Хятадын Иргэний нисэхийн захиргаа (CAAC) онгоцонд байсан бүх хүмүүс нас барсан, ДНХ-ийн шинжилгээгээр бараг бүх хүн хэн болохыг нь баталгаажуулсан гэж мэдэгдэв. Онгоцонд явсан 123 зорчигч, багийн есөн гишүүн бүгд Хятад улсын иргэд байжээ.
Хятадын агаарын тээврийн дөрвөн том компанийн нэг болох China Eastern болон түүний охин компаниуд БОИНГ 737-800 загварын нийт 223 онгоцныхоо нислэгийг зогсоолоо. Үүнийгээ онгоцны газардуулгад ямар нэг зүйл буруу байгаагийн шинж биш харин урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна гэж тайлбарласан байна.
Осолдсон онгоц долоон жил нислэг үйлдсэн мөн нислэгийн өмнө нислэгт тэнцэх эсэх бүх шаардлагыг хангасан байсан гэж China Eastern компани өмнө нь мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Aljazeera