УИХ дахь АН-ын бүлгээс Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын түр хороо байгуулах санаачилга гаргаад зургаан гишүүн дэмжин гарын үсгээ зураад буй. Тэгвэл УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд энэхүү санаачлагыг дэмжихээ илэрхийллээ.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд нар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Үндсэн хуулиар парламентын хяналтыг сайжруулах өөрчлөлт оруулсан. Үүнийг хийх нэг арга хэрэгсэл нь түр хороо. 19 гишүүнтэй түр хороо байгуулан нийгэмд бугшсан элдэв хулгайг гарган ирж ярьдаг байх хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар Түр хороо байгуулах саналыг УИХ дахь АН-ын зүгээс гаргасан. Иймээс ХҮН-ын хувьд энэ санаачлагыг бүрэн дэмжиж энэ асуудлаар хамтран ажиллахаар гарын үсгээ зурсан хэмээн УИХ-ын гишүүн Т.Доржханд хэллээ.