АНУ-ын анхны эмэгтэй төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт 84 насандаа таалал төгссөн талаар түүний гэр бүлийнхэн мэдэгдлээ. Мадлен Олбрайт Ерөнхийлөгч Билл Клинтоны үед НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч, Төрийн нарийн бичгийн дарга хийж байсан анхны эмэгтэй байлаа.
Дэлхийн 2-р дайны үеэр төрөлх Чехословакаасаа нацистуудаас зугтсан охин хожмоо АНУ-ын анхны эмэгтэй Төрийн нарийн бичгийн дарга болтлоо өссөн гээд түүний амьдралын түүх баялаг.
1990-ээд оны гадаад бодлогын хоёр том хямрал болох Руанда, Босни-Герцеговайн дахь хоморголон устгах явдалд оролцохоос татгалзсан АНУ-ын засаг захиргааг шүүмжилж байсан цөөн улс төрчдийн нэг түүнийг хатуу улс төрч, дипломатч хэмээн цоллож байлаа.
“АНУ-ын 64 дэх Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд энэ албан тушаалыг хашиж байсан анхны эмэгтэй, доктор Мадлен К.Олбрайт өнөөдөр эрт нас барсныг дуулгахдаа бидний сэтгэл зүрх эмтэрч байна. Түүнийг авч одсон шалтгаан нь хорт хавдар байлаа” гэж гэр бүлийнхэн нь лхагва гарагт твиттер хуудсандаа нийтэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Олбрайтыг "сайн сайхан, нигүүлсэл, ёс суртахуун, эрх чөлөөний төлөөх хүч" хэмээн хүндэтгэн дурсаад "Би Мадлений тухай бодохдоо "Америк бол зайлшгүй үндэстэн" гэсэн түүний халуун итгэлийг үргэлж санаж байх болно" гэжээ.
1993 онд НҮБ-д суугаа АНУ-ын элчин сайд болсон Олбрайт Босни дахь сербүүдийн эсрэг хатуу байр суурь баримтлахыг шахаж байсан. Гэвч Ерөнхийлөгч Билл Клинтон анхны бүрэн эрхийнхээ хугацаанд АНУ Вьетнамд хэрхэн гацсаныг засаг захиргааны гадаад бодлогын алдаа хэмээн Балканы хойгт энэ алдаагаа давтахгүй байхаар шийдвэр гаргаж байлаа. АНУ үүний хариуд НАТО-той хамтран агаарын довтолгоо хийж, дайныг зогсооход хүчин чармайл гаргасны дүнд гурван жилийн дараа үр дүнг нь үзсэн юм.