Оросууд Украин руу цөмрөн орсноос хэдхэн хоногийн дараа Оросын хамгийн том хэвлэл мэдээллийн компаниудын нэг болох Russian Media Group (RMG) яагаад алдартай радио станцууд эсвэл хөгжмийн телевизийн сувгуудаараа тодорхой уран бүтээлчдийг тоглуулахаа больсон тухайгаа мэдэгдлээ.
Тус мэдэгдэлд "Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь Орос, Украины хооронд үүссэн хүнд нөхцөл байдлын хүрээнд эдгээр хөгжимчид Оросын эсрэг хатуу ширүүн мэдэгдэл хийсэн учраас” гэж тайлбарласан байна. Цааш нь ийнхүү эх орныхоо эсрэг байр суурьтай байгаа уран бүтээлчдийн бүтээлийг хориглох нь сонсогчдоо хүндэтгэх нь компанийн нэн тэргүүний зорилт бөгөөд тэдгээр уран бүтээлчид Оросын сонсогчдод ихэмсэг, үл тоомсорлосон хандлага гаргасан нь уран бүтээлчидтэй байгуулсан гэрээгээ цуцлахаас өөр аргагүй болгосон гэжээ.
Жагсаалтад Украины хэд хэдэн хөгжимчин, Оросын гурван жүжигчин багтсаны дотор домогт "Аквариум" рок хамтлагийн гоцлол дуучин Борис Гребенщиков байгаа юм. Тэрээр Инстаграм хуудсандаа дайныг "галзуурал" гэж бичсэн учир ийнхүү хар жагсаалтад багтжээ. Тэрээр улс төрийн дарамт шахалтад анх удаа өртөж байгаа биш ба ВВС-д өгсөн ярилцлагадаа "Би амьдралынхаа хагасыг ямар нэгэн хоригийн дор өнгөрөөсөн. 70-аад онд хориг байсан, 80-аад онд ч хориг байсан. Үүнд ер бусын зүйл огт байхгүй. Дараа нь таныг хориглож, хавчиж байсан тэр хүмүүс эргээд таныг шагнадаг" хэмээн хэлжээ.
Хөгжмийн салбар дахь дайныг эсэргүүцэгчдэд үзүүлж буй дарамт нь Кремльд үнэнч уран бүтээлчдээс эрс ялгаатай байгааг харуулж байна. Тэдний зарим нь өнгөрсөн долоо хоногт Владимир Путиныг гол дүрээ болгосон телевизийн тоглолтод оролцсон юм.
Оросууд Крымийг Украинд нэгтгэсний найман жилийн ойд зориулсан уг арга хэмжээнд олон арван мянган хүн Оросын төрийн далбааг намируулан, Оросыг дэмжсэн уриа лоозон барьж иржээ. Гэхдээ маргаантай нэг мэдээлэл цацагдсан нь тэдний олонхийг цэнгэлдэх хүрээлэнд очуулахаар дарамталсан гэж нэг эх сурвалж ВВС-д ярьжээ.
Хар жагсаалтад орох шалтгаан
Дайны эхний өдөр Украины дуучин Иван Дорн инстаграм хуудсандаа оросуудыг "энэ сүйрлийг эцэс болгохыг, аллагын дайнд оролцохгүй байхыг" уриалсан видео нийтэлсэн. Уг видеог нийтэлснээс хэд хоногийн дараа тэрээр өөрийгөө Оросын хэвлэл мэдээллийн группээс хориглосон уран бүтээлчдийн “хар жагсаалт”-д орсон төдийгүй Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан өөр нэг "хар жагсаалт"-д түүний нэр дурдагдаж, зарим хөгжимчдийг дайны эсрэг үзэл бодлоосоо болж тоглолт хийхийг хориглохыг шаардахдаа ч нэрийг нь дурдсан байна. Хар жагсаалтыг Орос дахь хөгжмийн газрууд болон промоутеруудад тараасан байна.
Иван Дорн BBC-ийн сэтгүүлчид “Орост хар жагсаалтад орсон нь түүнд ямар ч нөлөө үзүүлэхгүй” гээд "Ямар нэгэн жагсаалт зарлахаас өмнө Оросуудтай ямар ч хамтын ажиллагаа эхлүүлэх боломжгүй байсан" гэдгээ нэмж тайлбарласан байна.
Дайныг эсэргүүцэгч уран бүтээлчдийн "Хар жагсаалт"-ыг хэн үүсгэсэн, хаанаас эхлүүлсэн нь тодорхойгүй байгаа ч хөгжмийн салбарынхан ийм жагсаалтад орох нь ховор явдал биш аж.
Хар жагсаалтад хөгжимчин, зохиолч, хошин урлагийн жүжигчдийн нэрс багтсан байсан тухай хөгжмийн менежер Елена Савелева ВВС-д ярьжээ. Түүний үйлчлүүлэгч реппер Noize MC энэ жагсаалтад багтжээ.
Елена Савелевагийн хэлснээр дайныг эсэргүүцсэн уран бүтээлчдэд дарамт шахалт үзүүлэх нь ихэвчлэн бүс нутгийн аюулгүй байдлын албадаас ирдэг бөгөөд албаны хүмүүс концертын танхимд ирж, тэднийг хааж, торгуулна гэж сүрдүүлдэг байжээ.
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр "хар жагсаалт"-д нэр нь бичигдсэн Оросын реппер Oxxxymiron Орос улсаа тойрон хийх аялан тоглолтоо цуцалж, Украины дүрвэгсдэд мөнгө цуглуулахын тулд "Дайны эсрэг Оросууд" гэх гадаадад хандивын тоглолт зохион байгуулжээ.
Истанбулд болсон уг тоглолтоосоо 30 000 гаруй доллар буюу 22760 фунт стерлинг цуглуулсан бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр Лондонд ахин тоглох аж.
Орост хийх аялан тоглолтоо хойшлуулснаа зарлахдаа Oxxxymiron "Оросын пуужин Украин руу унаж, Киевийн оршин суугчид хонгил, метрондоо нуугдаж, хүмүүс үхэж байхад орос хүмүүсийг зугаацуулж чадахгүй" гэж тайлбарласан байна.
Эх сурвалж: BBC News