Украины арми Мягмар гарагт Херсоны олон улсын нисэх онгоцны буудалд Оросын цэргийн хэд хэдэн нисдэг тэргийг устгасныг Planet Labs хиймэл дагуулаас авсан шинэ зургууд баталжээ.
Хиймэл дагуулын зураг дээр нисэх онгоцны буудлаас том хар утаа гарч, хэд хэдэн нисдэг тэрэг шатаж байгааг тод буулгасан байна.
Энэ бол дайны үеэр Украины арми Оросын нисдэг тэрэгнүүдийн эсрэг хийсэн хамгийн хор хөнөөлтэй цохилт юм. Онгоцны буудалд багадаа гурван нисдэг тэрэг шатаж, устсан аж. Дайралтад нисэх буудлын ойролцоох цэргийн машинууд ч мөн цохиулсан байна.
Нисэх буудлын ойролцоох Комышаны тосгоны дээгүүр нисгэгчгүй онгоцоор авсан өөр нэг зурагт онгоцны буудлаас их хэмжээний утаа гарч байгааг харуулжээ. CNN хиймэл дагуул болон нисгэгчгүй онгоцноос авсан зурагны газарзүйн байршлыг тогтоож, жинхэнэ эсэхийг баталгаажуулсан байна.
Нисэх онгоцны буудалд болсон цэргийн цохилтыг дэлхий даяар гарч буй томоохон түймрийг бүртгэдэг НАСА-гийн Галын Мэдээллийн Нөөцийн Менежментийн Систем (FIRMS) хүлээн авчээ.
FIRMS-ийн цуглуулсан мэдрэхүйн мэдээллээр цэргийн цохилт орон нутгийн цагаар 13:42-ийн орчимд болсон байна.
Даваа гарагт Maxar Technologies-ийн хиймэл дагуулаас авсан зургуудад Оросын цэргийн хэд хэдэн нисдэг тэрэг Херсон хотын олон улсын нисэх онгоцны буудлын цардмал талбайд байгааг харуулсан нь үйл явдлыг улам бататгаж байгаа юм.
Эх сурвалж: CNN News