ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины пуужингийн довтолгооны улмаас 23 энгийн иргэн амь үрэгдлээ гэж мэдэгдэв. Уг мэдэгдлийн дараа Украины арми салан тусгаарлагчдын хяналтад байдаг Донецк хот руу пуужингаар дайрсан гэх мэдээллийг няцаалаа. "Точка-У" пуужингийн довтолгоо мөн Украины зүүн хэсэгт туссаны улмаас 28 хүн шархадсан гэж Оросын тал мэдэгдээд, үүнийг "дайны гэмт хэрэг" хэмээн тодорхойлсон юм.
Даваа гарагийн үүрээр орон нутгийн салан тусгаарлагчдын удирдагч Оросын ТАСС агентлагт "Точка-У" пуужинг босогчдын бэхэлгээний дээгүүр харвасан боловч түүний зарим хэсэг нь хотын төвд унасан гэж мэдэгдсэн аж.
Хоёрдугаар сарын 24-нд Орос хөрш улс руугаа цөмрөн орсноос хойш Украин, Оросын хэлэлцээний төлөөлөгчид дөрөв дэх удаагийн хэлэлцээ хийх үеэр халдлага үйлдсэн гэх мэдээлэл цацагдсан бөгөөд хоёр улсын төлөөлөгчдийн хэлэлцээ амжилтанд хүрээгүй юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд хийж буй дайны зорилго нь Украины засгийн газрыг “цэрэггүйжүүлж, зэвсгээс ангижруулах явдал” гээд энэ бол дайн биш “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэж буй.
Украины арми 2014 оноос хойш Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчидтай тулалдаж байгаа Донбасс гэгддэг Донецк, Луганск мужуудын орос хэлээр ярьдаг хүн амын эсрэг Киев "геноцид" үйлдэж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин мэдэгдэв. Украины төлөөлөгчид үүнийг эрс үгүйсгэж байгаа билээ.
Донбассын зарим хэсгийг босогчид эзлэн авч, өөрсдийгөө Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улс гэж тунхагласны дараа үүссэн мөргөлдөөнд цэрэг, энгийн иргэд, босогчид зэрэг 14 000 гаруй хүн амь үрэгдсэн гэх мэдээлэл бий.
Эх сурвалж: Aljazeera