Казахстан улсад үргэлжилж буй Азийн АШТ-ээс Монголын тамирчин, олон улсын хэмжээний мастер цолтой Мөнхбатын Должинсүрэн Монголын Биатлоны спортод түүхэн амжилт тогтоож мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр М.Должинсүрэн Азийн аваргын медальт Монголын анхны биатлонч болов.
Биатлон гэдэг нь ерөнхийдөө хоёр өөр спортын төрлийн хосолсон спортыг хэлдэг. Гэхдээ ихэнх тохиолдолд гүйлтийн цана болон буудлагын хослол спортын төрлийг хэлнэ. Түүнээс гадна кросс гүйлт, буудлагыг хослуулсан зуны биатлон, мөн гүйлт, усанд сэлэлтийг хослуулсан орчин үеийн биатлон болон биатл зэрэг спортын төрлүүд бий.
Биатлоны спорт анх Норвегийн цэргийн бэлтгэлээс үүссэн байна. Анхны өвлийн олимпын хөтөлбөрт "цэргийн манаа" нэрээр орж байжээ. 1928, 1936, 1948 оны олимпуудад үзүүлэх спортын хувиар багтсан байна. Гэхдээ оролцогч орнуудын зарим нь Олон Улсын Биатлоны Холбооноос гаргасан тэмцээний дүрмийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас албан ёсоор олимпын хөтөлбөрт багтаагүй байна.
1950-иад оны дундуур ОХУ, Шведэд эрчимтэй хөгжиж, 1958 онд дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээнээ зохиосны дараа 1960 оноос л өвлийн олимпын хөтөлбөрт албан ёсоор багтжээ. Өдгөө өвлийн олимпын хамгийн үзүүштэй спортын төрлүүдийн нэг болоод буй. 1992 оны Альбервиллийн олимпоос эхлэн эмэгтэйчүүд ч биатлоноор олимпын тавцанд өрсөлдөх болжээ.