Орос улс Украины руу дайралт хийснээс хойш 17 хоног өнгөрчээ. Дайн зөвхөн хоёр улсын хооронд өрнөж буй ч дэлхийн олон оронд сөрөг нөлөөлөл нь мэдрэгдэж эхлэв. Эдийн засаг, сошиал ертөнц, хүмүүнлэгийн үйлс, дэлхий дахины нэгдмэл байдал, нэгнээ хүлээн зөвшөөрөх эсэх гээд олон асуудлыг ахин нухацтай авч үзэх хэрэгтэй гэдгийг Орос-Украины дайн бидэнд сануулж байна.
Товчхон – өнгөрсөн хоногт дайны нөхцөл байдал хэрхэв?
- Украины томоохон хотууд руу Оросууд агаарын дайралт хийж, Киев бүх талын дайралтанд бэлтгэж, харин АНУ Оросын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгав.
- ОХУ-ын Украин дахь бөмбөгдөлт өргөжиж, зүүн төвийн Днепр хот болон баруун Луцк, Ивано-Франковск дахь нисэх онгоцны буудлуудыг бөмбөгдлөө.
- Украины нийслэл Киев Оросын цэргийн цуваа ойртож байгаа тул бүх талын дайралтаас хамгаалах, сөрөг дайралт хийхээр бэлтгэж байгаагаа мэдэгдэв.
- Украины албаныхны мэдээлснээр Оросууд дахин буудсан нь нөхцөл байдал хүнд байгаа Мариуполь хотыг нүүлгэн шилжүүлэхэд саад болсон байна. Хүмүүнлэгийн коридор байгуулах Оросын амлалт хэдхэн цаг л үргэлжлэв.
- Дайныг зогсоохын тулд Ерөнхийлөгч Владимир Путинд шахалт үзүүлэх кампанит ажлын үеэр АНУ болон түүний гол холбоотнууд Оросын “хамгийн таатай улс” статусыг цуцаллаа.
- НҮБ-д суугаа Украины элч Киевийг АНУ-ын дэмжлэгтэй биологийн зэвсгийн лаборатори ажиллуулж байна гэсэн Москвагийн буруутгалыг "галзуу дэмийрэл" гэж тодорхойлоод, ийм зүйл огт байхгүй гэж мэдэгдэв.
- Ерөнхийлөгч Зеленский Украиныг "эргэлтийн цэг”-тээ ирсэн хэмээн тодорхойлов. Түүний тодорхойлсноор бол Оростой хийж буй уг дайнд улс орон нь стратегийн эргэлт хийх ёстой гэдгийг харуулж буй аж.
Тодорхой – Украин дахь нөхцөл байдал ямар байна вэ?
Тус улсын ерөнхийлөгч Зеленский Киев хотоос хийсэн шууд бичлэгтээ "Бид газар нутгаа чөлөөлж авахад хэдэн өдөр шаардагдахыг хэлэх боломжгүй. Гэсэн хэдий ч бид үүнийг заавал хийх болно” гээд "Бид аль хэдийн зорилго, ялалт руугаа явж байна" хэмээн хэлжээ.
Агаарын довтолгооны дуут дохио Украины ихэнх нутгаар сонсогдсон гэдгийг тус улсад ажиллаж буй олон улсын сэтгүүлчид мэдээлэв. Агаарын дайралтын дуут дохио сонсогдож, хүмүүсийг хоргодох газар хайхыг уриалж байгааг орон нутгийн хэвлэлүүд дамжуулж байна. Нийслэл Киев, баруун зүгт орших Одесса хотын Львов, Черкассын Харьков, мөн тус улсын зүүн хойд хэсэгт орших Сумы мужид дуут дохио дуугарсан төдийгүй Оросын арми Киев рүү ахин довтолж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм. Хиймэл дагуулаас авсан зургаас харахад тэд Киев рүү ойртож байхдаа их буугаар буудаж байжээ.
Зургийн тайлбар: Украины аль хэсэг, хэний хяналт байгаа вэ?
Киевийн эргэн тойронд байлдааны ажиллагаа ширүүсч байгаа тул бүслэлтэд байгаа өмнөд хэсгийн Мариуполь боомт хотоос энгийн иргэд гарч чадахгүй байна. Сүүлийн хоёр долоо хоногт 2.3 сая гаруй хүн Украиныг орхин гарчээ.
- Тасархай зураас – холбоо барих шугам
- Хүрэн хэсэг – Донецк, Луганскийн салан тусгаарлагчдын байрлаж буй мужууд
- Шар хэсэг – Донбас муж
- Улаан дээрх шар зураас – Крым
- Улаан хэсэг -Оросын хяналтанд орсон бүс
- Ягаан дээрх улаан зураас – Оросын арми дайралт хийсэн ч хяналтаа тогтоогоогүй бүс нутаг
Эх сурвалж: Aljazeera