Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн Ёслол, хүндэтгэлийн Их танхимд 11:30 болон 13:00 цагаас төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр цол тэмдгээр энгэрээ мялаасан олны танил эмэгтэйчүүдийг танилцуулж байна.
Продюсер, найруулагч,жүжигчин Г.Ундармаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр энгэрээ мялаалаа.
Тэрбээр Эрдэнэт хотын Хүүхдийн театраас хөдөлмөрийн гараагаа эхэлж, соёл урлагийн салбарт 28 жил ажиллахдаа үзэгчдийн сэтгэлд хоногшсон 50 гаруй бүрэн хэмжээний жүжиг, энтертайнмент шоу тоглолт, уран сайхны кинонд туслах болон гол дүр бүтээжээ.
Мөн бие даасан уран бүтээлийн нэгдлийг үүсгэн байгуулж, 20 орчим бүрэн хэмжээний болон баримтат киног олон нийтийн хүртээл болгон эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн эерэг хандлагыг уран бүтээлдээ тусгахын зэрэгцээ “Итгэлийн тэнхим” ТББ-ыг 2013 онд үүсгэн байгуулж, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн байгууллагад чиглэсэн найман төслийг иж бүрэн хэрэгжүүлсэн.
Хүмүүнлэгийн салбарт гаргасан амжилт бүтээл, соёл урлагийн салбарт оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн “Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн захирал Гончигийн Ундармаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.
Хариуцсан ажилдаа мэргэжлийн ур чадвар гаргаж, мэдлэг туршлагаа дайчлан үр бүтээлтэй ажилласан "LE BEAUTIQUE" шүдний эмнэлгийн нүүр амны их эмч Б.Бадамцэцэгийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнав.
Тэрбээр 2012 оноос хойш хүмүүнлэгийн үйлсэд гар, бие оролцож буй бөгөөд "Шүд болон амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох үндэсний сан"-г өөрийн санаачилгаар нээсэн. Энэ сангийн үйл ажиллагаагаар хөдөө орон нутаг, алслагдсан дүүрэг, сумдын 500 гаруй хүүхдийн шүдийг эмчилжээ. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 17 цэцэрлэгийн 100 гаруй хүүхдэд хүрч ажилласан байна.
Түүнчлэн дөрвөн жилийн турш долдугаар сарын 27-нд буюу өөрийнхөө төрсөн өдрөөр хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж, үзлэг оношилгоо хийдэг. Энэ хүрээнд 300 гаруй хүүхдийн шүдийг эмчилжээ.
Тэрбээр төрсөн өдрөөрөө болон өөрийн санаачлан нээсэн сангийнхаа үйл ажиллагаагаар дамжуулан нийт 800 гаруй хүүхдийн шүдийг эмчилсэн байна.
Michel Amazonka брэндийг үүсгэн байгуулагч "Michel Amazonka" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхжаргалд "Алтан гадас" одон хүртээв.
Michel Amazonka нь 2013 оноос үйл ажиллагаа явуулж байгаа Монголын хувцас загварын брэнд компани юм.
Бүжгийн спортын хөгжилд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлж ДАШТ-нд дөрвөн удаа шагналт байранд шалгарч байсан "Moon dance" ХХК-ийн ерөнхий захирал, багш, дасгалжуулагч О.Саранхүүг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Тэрбээр бүжгийн спортын өндөр зэрэглэлийн 200 гаруй тамирчныг бэлтгэжээ.
Туульсын зохиолын төрлөөр олон арван бүтээл туурвиж, “Домогт Ану хатан”, “Хотол цагаан гүнж”, “Уулсын домог Хотулун” тэргүүтэй томоохон хэмжээний зохиолоор Монголын түүхнээ тодорсон баатарлаг, хүчирхэг монгол хатдын дүрийг товойлгон гаргаж, өнөөгийн охид, эмэгтэйчүүдэд урам зориг, үлгэр жишээ авахуйц даацтай бүтээлүүдийг туурвиж байгаа.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн сэдвээр олон нийтийн анхаарлыг татсан нийтлэлүүд бичиж, нийгмийн оюун санааны амьдрал, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд оруулж буй жинтэй хувь нэмрийг нь үнэлэн зохиолч, “Шүүдэр продакшн” ХХК-ийн захирал Баатарсүрэнгийн Тогтохбаяр /Шүүдэрцэцэг/-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.
гэрэл зургийн эх сурвалж: Ерөнхийлөгчийн тамгын газар