Москвагийн цагдаа нар Украины элчин сайдын яаманд цэцэг өргөсөн хүүхдүүдийг саатуулжээ.
Москва хотын цагдаа нарын саатуулсан хүүхдүүд нь 7-11 насных бөгөөд энх тайвны тэмдэг бүхий “дайн хэрэггүй” гэсэн үгтэй лоозон барьсан байжээ. Тэдний 2 нь эмэгтэй, 5 нь эрэгтэй хүүхэд аж.
Хүүхдүүдийг хүргэж ирсэн нэгэн ээжийг мөн цагдаагийн машинд суулган хэлтэст хүргэж мэдүүлэг авч хэдэн цаг суулгаад сулласан гэнэ.
Екатерина Завизион, Ольга Альтер нарын хамт 11 настай Лиза, 11 настай Гоша, 9 настай Матвей, 7 настай Давид, 7 настай Софья нар байсан гэдгийг эх сурвалж дурджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Ардын аж ахуй, төрийн удирдлагын академид ажилладаг антропологич Архипова гэгч Facebook хуудастаа "Болсон явдлын нэг нь ч миний толгойд багтахгүй байна" гэж бичээд болсон үйл явдлыг нэгд нэгэнгүй тоочжээ.
Архипова хэлэхдээ цагдаа нар хүүхдүүдийн ээж нарыг асран хамгаалах эрхийг нь хасна гэж сүрдүүлсэн бололтой. Тэдэнд хэрэг үүсгэж шүүхээр оруулах бөгөөд торгууль ногдуулах бололтой.
Хүүхдүүдийн барьсан дайны эсрэг лоозон нь тод өнгүүдээр зурагджээ. Тэдний нэгнийх нь барьсан лоозон дээр Оросын туг, нэмэх тэмдэг, Украины далбаа, тэнцүү зүрх тэмдэглэгджээ.
Орос даяар жагсаал цуглаан, баривчилгааг хянадаг OVD-Info вэб сайтад бичсэнээр бол 14 хүртэлх насны хүүхдийг 3 цагаас илүү хугацаагаар баривчлах ёсгүй аж.
Хүүхдүүдийн зургийг хувийн твиттер хуудастаа нийтэлсэн нийтэлсэн Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хэлэхдээ, энэ нь Путины Украины эсрэг дайн хүүхдүүдийг хохироож байгаагийн бас нэг шинж тэмдэг хэмээн мэдэгдэв.
Тэрээр твиттер хуудсандаа “Путин хүүхдүүдтэй дайтаж байна. Түүний Украин луу илгээсэн пуужингуудад цэцэрлэг, асрамжийн газруудад оногдсон бол Орост Дэвид, София, Матвей, Гоша, Лиза нар энэ шөнийг Москвад "ДАЙНЫГ ҮГҮЙ" зурагт хуудсаа барин торны цаана өнгөрөөлөө. Путин ингэтлээ айж байна” хэмээн жиргэжээ.
ОХУ-ын 33 хот даяар дайныг эсэргүүцсэн 320 гаруй жагсагчийг эрх баригчид баривчилсан гэж OVD-Info мэдээлэв. Өнгөрсөн пүрэв гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу цөмрөн довтлох тушаал өгснөөс хойш нийт 6840 хүнийг саатуулсан гэсэн тоо гарчээ.
Эх сурвалж: The Guardian