Канадын Альберта мужийн Тэргүүлэгч "Үндэстний нийгэмлэг хуучин сургууль"-ийн хашаанаас 169 булш илрүүлснээ мэдэгдлээ.
Тэргүүлэгч ярихдаа, "хуучин сургуулийн хашаанаас 169 булш илрүүлсэн нь уугуул иргэдийн хүүхдүүдийг хэдэн арван жилийн турш албадан сургаж байсан сурган хүмүүжүүлэх байгууллагатай холбоотой эмзэг асуудлыг сэдрээсэн явдал болж байна" гэв.
Канад улс 1800-аад оны сүүлээс 1990-ээд оны хооронд Тэргүүлэгч Үндэстэн, Инуит, Метис үндэстний 150,000 гаруй хүүхдийг албан боловсролд хамруулж байсан түүхтэй. Колончлогчдын зүгээс явуулсан энэхүү албадан сургах явдал нь уугуул үндэстний хүүхдүүдийг хэл, соёл, ах дүүсээс нь салгаж, сэтгэл зүй, бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд оруулсан аймшигтай явдлын нэг хэсэг байжээ. Канадын уугуул үндэстнүүд болох Тэргүүлэгч үндэстэн, Инуит, Метисүүдийн төлөөлөл болсон олон мянган хүн янз бүрийн сүм, тэр дундаа Ромын Католик сүмийн удирддаг байгууллагуудад албадлагын журмаар хамрагдаж байхдаа амиа алдаж байсан юм.
Мөрдөн шалгах холбооны комисс 2015 онд Канадын албадан сургадаг байсан тогтолцоог "соёлын геноцид" гэж дүгнэсэн байдаг.
Хуучин сургуулийн хашаанаас олдсон олон тооны булш нь Канадын засгийн газраас тус байгууламжтай холбоотой бүх бүртгэлийг ил болгохыг шаардсан хөдөлгөөнийг эхлүүлэв.
Манитобагийн их сургуулийн судалгааны төв болох Үнэн ба эвлэрлийн үндэсний төвийн мэдээлснээр Гэгээн Бернардын сургууль гэгддэг Grouard Mission сургуулийг 1894-1957 оны хооронд Ромын Католик Сүм удирдаж байгаад 1961 онд хаагдсан аж.
"Уг сургууль Метисийн олон хүүхдүүдийг албадан сургаж байсны тод жишээ нь 1949 он гэхэд тус сургуульд амьдарч, сурдаг хүүхдүүдийн тал хувийг Метис үндэстнүүд эзэлж байсан явдал нотолно” гэж Үнэн ба Эвлэрлийн үндэсний төв вэбсайтдаа нийтэлжээ.
Уугуул иргэдийн төлөөлөл энэ сарын сүүлээр Ромд очиж Ромын Католик Сүмийн Канадын албадан сургах сургуулийн тогтолцоонд гүйцэтгэх үүргийнх нь талаар Пап лам Фрэнсистэй ярилцахаар төлөвлөсөн байна.
Үнэн ба эвлэрлийн комисс 2015 онд гаргасан эцсийн тайландаа уугуул үндэстнүүд, тэдний үр хүүхдүүдийг сүнс, соёл, сэтгэл санаа, бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртөхөд Ромын Католик Сүм голлох үүрэг гүйцэтгэсний төлөө амьд үлдсэн сургуулийн сурагчид, тэдний гэр бүлээс уучлалт гуйхыг Ромын Пап ламд уриалсан юм.
"2010 онд Ирландын хүчирхийлэлд өртсөн иргэдээс уучлалт гуйсантай адил уучлалт гуйж, тэрхүү уучлалт гуйх явдал нь энэхүү тайланг гаргаснаас хойш нэг жилийн дотор хэрэгжихийг бид уриалж байна" гэж мөрдлөгийн комисс мэдэгдэв.
Тодруулахад, 1996 оныг хүртэлх 165 жилийн хугацаанд Канадын уугуул иргэдийн хүүхдүүдэд зориулсан сургуулиуд улс даяар ажиллаж, тэдгээрийн ихэнхийг католик сүм хийдийн захиргаа удирдаж байсан юм. Харамсалтай нь ийм сургууль байсан газруудаас нийтдээ 1000 шахуу хүүхдийн нэр хаяггүй булш олдсон нь колончлогчид уугуул үндэстнүүдийг хомроглон устгаж байсны тод жишээ болж буй.
Канадын Үндсэн хууль Тэргүүлэгч үндэстэн, Инуит, Метис гэсэн гурван үндэстнийг уугуул иргэд хэмээн хуульчилсан байдаг.
Эх сурвалж: Aljazeera