Оросын олигарх, "Челси" хөл бөмбөгийн клубийн эзэн Роман Абрамович санхүүгийн хориг арга хэмжээнд өртөхгүйн тулд Их Британи дахь үл хөдлөх хөрөнгөө зарж эхэлсэн талаар мэдээлэл задарлаа.
Лейборист намын гишүүн, парламентын стандартын хорооны дарга Крис Брайант Орос Украин руу довтолсны дараа Владимир Путинтэй холбоотой байж болзошгүй хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авахдаа засгийн газар хэтэрхий удаан ажиллаж байна хэмээн шүүмжлэхийн зэрэгцээ Роман Абрамович үүнийг нь ашиглан үл хөдлөх хөрөнгөө зарж байгаа талаар дурджээ.
Энэ жил 55 настай Абрамович Орос төдийгүй Их Британийн хамгийн баян хүмүүсийн тоонд багтдаг төдийгүй Путины ойрын хүмүүсийн нэг гэдэг.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Абрамович Челси хөл бөмбөгийн клубийн "удирдлага"-ыг буяны сангийн итгэмжлэгдсэн хүмүүст шилжүүлнэ гэж мэдэгдсэн ч энэ шийдвэрийн хууль эрх зүйн үр дагавар нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Абрамовичийн 2009 онд 90 сая фунт стерлингээр худалдаж авсан үл хөдлөх хөрөнгөө зарна гэх сургаар Лондонгийн баруун хэсэгт орших Кенсингтон ордны цэцэрлэгт хүрээлэн дэх Абрамовичийн 15 унтлагын өрөөтэй харшийн гадаа сэтгүүлчид цугласан ч ямар нэгэн мэдээлэл олж авч чадаагүй аж.
Тус харшид ажилладаг ажилчин "доод давхарт байгаа бүх ханыг шинэчлэн будаж байгаа" гэсэн мэдээлэл өгчээ. Уг мэдээллээс харвал парламентын гишүүн Крис Брайантын хийсэн мэдэгдэл үнэний ортой бололтой.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн долоо хоногт парламентын гишүүдэд Абрамович хориг арга хэмжээнд орсон гэж зарласан ч Засгийн газар бичгээр мэдэгдэл хийж, Ерөнхий сайдын алдааг хүлээн зөвшөөрч, "Роман Абрамович хориг тавихаар бүртгэгдсэн хүмүүсийн жагсаалтад багтаагүй" гэж мэдэгдсэн юм.
Абрамович өөрийгөө улс төрийн биш, Путин болон Оросын төртэй ямар ч холбоогүй гэж мэдэгддэг.
Их Британийн парламентын гишүүдийн дийлэнх нь Оросын Украинд хийсэн дайралтаас үүдэн Оросын олигархуудад нь яаралтай хориг арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian