Украин улс руу довтолсон ОХУ-ын армийн танкууд дээр "Z" үсэг тэмдэглэгээтэй байгаа билээ. Уг тэмдэг ямар утга учир агуулж буй талаарх таамгийг Английн Sky News агентлагаас сонирхуулав. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар “дайснууд” энэ төрлийн өвөрмөц тэмдэг тэмдэглэгээг ихэвчлэн байлдааны өмнө тээврийн хэрэгсэл дээрээ зурж тулалдаанд хаашаа чиглэж байгаагаа онцлон тэмдэглэдэг аж.
RUSI батлан хамгаалах судалгааны төвийн захирал асан, профессор Майкл Кларк "Ийм төрлийн тэмдэг нь ихэвчлэн чиглэл, байршилд тулгуурласан утгатай байдаг. Товчхондоо тус нэгж хаашаа явж байгааг мэдээлэх үүрэгтэй. Хэрэв тээврийн хэрэгслийг Оросынх болон бусад улсынх гэдгийг харуулахыг зорьсон бол өөр тэмдэг ашиглах байсан. Харин ямар нэг геометр дүрс доторх үсэг нь аль анги, аль бүс, нутгийн зүүн хойд эсвэл баруун хойд зүг рүү чиглэж байгааг илтгэх тэмдгүүд байх нь элбэг” хэмээжээ.
Оросын батлан хамгаалах бодлогын шинжээч Роб Ли твиттер хуудсандаа "Хилийн ойролцоох Оросын цэргүүд анги нэгтгэлийн хуваарилалтаа тодорхойлохын тулд тээврийн хэрэгсэлд 'Z' тэмдэгт зурж байгаа бололтой” хэмээн жиргэсэн байна.
Тэгвэл Киевт байрладаг цэргийн эх сурвалж The Sun сонины сэтгүүлчид "Аливаа довтолж буй хүчин, ялангуяа Оросын арми бүрэн хяналтад байж агаараас ялгагдах нь маш чухал.
Украинчууд маш төстэй танк, машинтай тул өөрсдийн танк, тээврийн хэрэгслийг эндүүрч галлахаас сэргийлж онцлох үүднээс дөрвөлжин дотор Z тэмдэг бүхий тэмдэглэгээг ашиглаж байна" гэжээ.
Харин цэрэг, цагдаа, хээрийн тагнуулын ажилтан асан Дэвид Кимегийн хувьд Оросын армийнхны таних тэмдэг болоод буй "Z" үсэг нь "буцах боломжгүй цэг" гэсэн утгатай хэмээн өөр нэг тайлбар өгчээ.
Эх сурвалж: Independent