2020 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Өрөг.мн сайт “Эрдэнэт үйлдвэрийн мөнгө ёолдоггүй ба дураараа дургигчид” нэртэй 17 минутын эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэсэн. Үүний дараа нэвтрүүлэгт дурдагддаг Сод Монгол групп, Өрөг.мн сайт болон сэтгүүлч У.Болортуяаг ёс зүйгүй худал мэдээлэл бэлтгэсэн хэмээн Хан- Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд өгч, нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн. Мөн сэтгүүлчийг ёс зүйн алдаа гаргасан гэж үзэн ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛД ч гомдол гаргасан юм. Харин хэвлэл мэдээллийн зөвлөл Сод Монгол группийн гомдлыг хэлэлцээд Өрөг.мн сайтын сэтгүүлч У.Болортуяа ёс зүйн алдаа гаргаагүй гэж дүгнэсэн. Харин одоогоор Сод Монгол группийн нэхэмжлэлтэй нэг тэрбумын шүүх хурал ирэх долоо хоногт болох товтой байгаа ба шүүхийн үзлэг дөрвөн ч удаа болоод байна.
Сэтгүүлч У.Болортуяа “Эрдэнэт үйлдвэрийн мөнгө ёолдоггүй ба дураараа дургигчид” нэвтрүүлгийг бэлтгэхдээ шилэн дансны баримтуудыг үндэслэсэн ба 2019 оны гуравдугаар сараас 12 дугаар сар хүртэл шилэн дансны мэдээлэл, баримт дээр тулгуурласан юм.
Түүнчлэн сонгуулийн үеэр буюу 2021 оны зун “Сод Монгол”-ын хуульч Өрөг.мн сайтын гүйцэтгэх захирал Б.Болорчимэг рүү удаа дараа холбогдож тохиролцох, мөнгө өгөх, хаалтын гэрээ хийх хүсэлт тавьсан. Уг нь нэхэмжлэл гаргасан тал шүүхдэлцэж асуудал үүсэхээс цааргалж буй бол нэхэмжлэлээ буцаахад болно. Гэтэл Өрөг.мн сайттай хэлцэл хийж тохиролцох хүсэлтэй байна, “эвлэрлийн гэрээ” байгуулъя гэж буй нь сэтгүүлчийн амыг үдэх урьдчилсан цензур тогтоож буй явдал гэж бид үзэж байгаа юм.
"Сод Монгол"-ын хуульч эмэгтэйтэй утсаар ярьж, дуу хураагуураар бичиж авсан ярианы хэсгээс танд хүргэе.
-Сайн байна уу? Сод Монголын өмгөөлөгч хуульч мөн үү?
-Хаанаас ярьж байгаа юм бол?
-Би Өрөг.мн сайтаас, У.Болортуяа гээд сэтгүүлч ярьж байгаа юм?
-За. Сайн байна уу?
-Манай Б.Болорчимэг рүү мессеж бичээд залгаад байгаа юм байна?
-Харин тийм ээ.
-Сүүлийн мессежийг чинь уншлаа. Ямар учиртай зүйл бичээд байгаа юм?
-Танайх дахиад л Ц.Анандбазартай холбоотой мэдээлэл гаргаад байна л даа.
-Манайх мэдээлэл гаргах эсэхэд танайхаас зөвшөөрөл авах ёстой юу?
-Санал л тавих гэсэн юм. Шүүх дээр манай асуудал явж байгаа юм чинь эвлэрлийн гэрээ хийвэл ямар вэ гээд.
-Эвлэрлийн гэрээ нь юу гэсэн үг билээ?
-Яах вэ. Манайх танайхаас нэхэмжлээд шүүх дээр байгаа шүү дээ.
-Танайх нэхэмжлэл гаргасан юм чинь түүнийгээ л тат л даа.
-Тийм л дээ. Гэхдээ танайхтай ямар нэгэн хэлцэл хийж байж татвал зүгээр юм болов уу. Маргаан аль аль талдаа хүндрэлтэй шүү дээ.
-Өнөөдөржин манай сайт уналаа. Танайхыг халдлага хийж байгааг мэдээд байна. Цэвэрхэн ажиллаж болохгүй байгаа юу? Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг биз дээ? Би бухимдаад холбогдож байна. Сая Ц.Анандбазар гишүүн рүү залгалаа. Утсаа авахгүй байна.
-Түүнийг би мэдэхгүй байна.
Энэ асуудлын шүүх хурал ирэх долоо хоногийн дөрөв дэх өдөр товлогдсон. Энэ бол Монголын сэтгүүл зүйн түүхэнд сэтгүүлч болон редакцаас нэг тэрбум нэхэмжилсэн анхны тохиолдол болж байгаа юм.