Орос III сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд БШУЯ-ны гадна цуглаж, Ж.Соронзон захирлыг халж, солихыг эсэргүүцэв.
Эцэг эхчүүдийн ярьж буйгаар, “Энд ирсэн хүмүүс Орос III сургуулийн сурагчдын нийт эцэг эхийн саналыг төлөөлж байна. Бид энэ сургуульд хүүхдээ явуулдаг. Явуулахдаа ч дуртай байдаг. Иймдээ ч хүүхдийнхээ төлбөрийг төлсөөр байгаа. Өгсөн төлбөртөө хангалттай мэдлэг авч чаддаг гэж үзэж байна. Ж.Соронзон захирлын менежментийг таатайгаар хүлээн зөвшөөрдөг. Хохирсон хүн байхгүй байхад, энэ сургуульд хүүхдээ сургадаггүй хүмүүс тал талаас нь муулж байна. Үүнээс болоод бид хүүхдүүдээ хохирох вий гэж айж байна шүү дээ. 2700 гаруй хүүхдийн эрх ашгийг төлөөлж байна гэсэн үг. Хүүхдүүдийн маань сурлагын амжилт өндөр байдаг. Энэ нь Ж.Соронзон захирлын гавьяа. Энэ сургууль бусад хувийн сургуулийг бодвол бага төлбөртэй. Гэсэн ч мэдлэг хүртээдэг. Ж.Соронзон захирлыг хүүхдүүдтэй зүй бус харьцдаг гэж ярьж байна. Үүнийг бид сурагчдад үзүүлэх ёстой дэг гэж хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл хүлээн зөвшөөрдөг. Тиймээс энэ асуудлыг сөхсөн сэтгүүлчийг шалгуулах хэрэгтэй. Хүүхдүүдээ энд сургасны төлөө бид авлигач нэр зүүж байна. Үүнийг эсэргүүцэж байна” гэлээ.