Цахимаар явуулсан санал асуулгын дүнд үндэслэн зарим сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчлөх тухай нийслэлийн Засаг даргын захирамж өнөөдөр гарлаа.
Үүнтэй холбоотойгоор ямар зохицуулалт хийх талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох танилцууллаа.
Тэрбээр "Их тойруу болон Яармагийн түгжрэлд нөлөө бүхий 78 сургууль бий. Эдгээрт 92,000 гаруй сурагч суралцаж байгаагаас 25.7% нь хувийн унаа болон таксигаар зорчдог тухай судалгаа бий. Үүнээс хамгийн олон сурагч нь хувийн унаа болон таксигаар зорчдог 59 сургуулийг сонгон авч, гурван цагийн үечлэлд хуваасан. Тодруулбал, эцэг эхчүүдийн саналд тулгуурлаж,
- 07:45 цагт 21 сургууль,
- 08:15 цагт 15 сургууль,
- нэг ээлжтэй 23 сургуулийн хичээлийг 09:00 цагт эхлүүлэхээр нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Уг зохицуулалтыг хийснээр түгжрэл 12.5 хувиар буурах тооцоолол бий. Түүнчлэн энэ бол зөвхөн энэ хичээлийн жилд хэрэгжих, ойрын хугацааны төлөвлөлт" гэлээ.