Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлаар үе үеийн удирдлагуудыг цагдан хорих эсэх шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Шүүхийн шийдвэрээр 2016-2019 онд Хөгжлийн банканд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаярыг гэрчид нөлөөлж болзошгүй гэдэг үндэслэлээр саатуулж, 2013-2016 оны хооронд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатыг нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа.
Чанаргүй зээл олгосон асуудлаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр нарыг болон мөн тухайн үеийн ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар болон тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, Д.Дэлгэрсайхан, Б.Батбаяр, Хөгжлийн банкны дэд захирал Ч.Мөнхбаяр нарыг цагдан хорих хүсэлтийг АТГ-аас шүүхэд ирүүлж байсан.
Н.Мөнхбат Хөгжлийн банктай холбоотой асуудлаар нэлээн удаан шалгагдаж байгаа билээ. Өмнө нь Н.Мөнхбатыг хөгжлийн банканд нийт 3.653.839.974.78 (Гурван тэрбум зургаан зуун тавин гурван сая найман зуун гучин есөн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан найман мөнгө) төгрөгийн “их хэмжээний” хохирол учруулсан гэж буруутдаж байсан ч өнгөрсөн жилийн 11-р сард “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.
АТГ-аас Хөгжлийн Банкны өмнөх удирдлагууд болон авсан зээл нь чанаргүй гэх ангилалд багтсан зарим зээлдэгч нарыг цагдан хорьж шалгах санал гаргасан.
Тодруулбал, “Монгол драй милк” ХХК буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ, “Монгол мах экспо” махны үйлдвэрлэлийн чиглэлээр зээл авч, түүнийгээ зориулалт бусаар зарцуулан “Бишрэлт групп” компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн хэрэгжүүлсэн “Гантиг вилла” хотхоны төсөлд хөрөнгө оруулсан үндэслэлээр “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг нарын зээлдэгчид болон Хөгжлийн Банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, 2013-2016 оны хооронд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, тэргүүн дэд захирал Ч.Энхбат, дэд захирал Б.Чойжилжалбуу, 2016-2019 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр тэргүүтэй нийт 10 хүнийг цагдан хорих санал хүргүүлсэн юм.