Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбаатар "Хөгжлийн банкаар хязгаарлагдахгүй маш олон зээлийн асуудал бий. Эгэл жирийн аж ахуйн нэгжүүд өндөр хүүтэй зээл авдаг. Гэтэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, ажлын байр бий болгодоггүй том компани, эрх мэдэлтнүүд хамгийн бага хүүтэй зээлийг авч, мөнгө хүүлж байна. Үүнийг дамжсан маш олон авилга, хээл хахуулийн асуудал байгаа. Тийм учраас МҮЭХ-ны олон мянган гишүүд бүх шатны сангуудын төлөөлөн удирдах зөвлөл, хяналтад иргэн, аж ахуйн нэгжийг оруулах хэрэгтэй гэж үзэж байна. 3, 4, 5 хувийн зээлийг зарим хүн хэдэн их наядаар нь авч байна. Үнэхээр зээл авах гэж байгаа бол бүгд шударга байя. Иргэд яагаад ББСБ-аас эсвэл өдрийн зээл гэх өндөр хүүтэй зээл аваад байна вэ. Бага хүүтэй банкны зээл нь олдохгүй байна шүү дээ. Бид шударга бус зүйлтэй эвлэрэхгүй.
Өнөөдөр хэрэглээний үнийн өсөлтийн дарамт дунд ард иргэд амьдарч байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд цалин хөлс нэмэгдээгүй. Тиймээс зээлийн хүүг бууруулах хэрэгтэй. Иргэд өрхийн хэрэглээ нь хүрэхгүй болохоор зээл авч амьжиргаагаа залгуулж байна. Иймд МҮЭХ иргэдийн цалин, хэрэглээний зээлийн хүүг нэг оронтой тоонд багтаах, дээд тал нь 10 хувь болгохыг шаардаж байна. Хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байна.
Бид хугацаатай шаардлагыг хүргүүлж байгаа. Гуравдугаар сарын 1-ны дотор хариу өгөхийг шаардаж байна. Энэ асуудал дээр шударга хандахыг хүсье" гэв.