Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж, хуралдааны үр дүнг танилцууллаа.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин "Шинэ сэргэлтийн бодлого дотор бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөрүүд багтсан. Соёлын салбартай уяж ажиллах бодлого ч орж ирсэн. Тиймээс өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар дэлхийн нэр хүнд бүхий, хамгийн том гэж яригддаг кино урлагийн салбарын Каннын наадам, цаашлаад дүрслэх урлагийн салбарт томоохонд тооцогддог Венецийн олон улсын үзэсгэлэнд оролцох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр дүрслэх урлагийн салбар болон кино урлагийн салбар дэлхийн хэмжээний наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцох боломжтой болж байна.
Манай улс Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан. Ингэснээр дэлхийн томоохон хэмжээний киног эх орондоо бүтээх боломжийг бий болгож байгаа. Томоохон продюссеруудыг Монголд авчирч уран бүтээл хийх боломжийг танилцуулна. Холливүүдийн дөрвөн кино продакшнуудтай хамтарч ажиллах суурь тавигдсан. Зургаадугаар сард эхний кино нь орж ирж зураг авалтаа хийхээр төлөвлөсөн" гэлээ.