Канадын эрэгт Испанийн загас агнуурын завь живсний улмаас долоон хүн нас барж, 14 хүн сураггүй алга болжээ.
Олон улсын төлөөлөгчийн газар мөсөн далайд амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагааны үеэр аврах салнаас багийн гурван гишүүнийг аварсан байна.
Канадын зүүн хойд эргээс мягмар гарагийн өглөө Испанийн загас агнуурын завь мөсөн тэнгисээс тусламж хүссэн дохио илгээснээс хойш сураггүй болжээ. Тиймээс Испанийн тэнгисийн аврах алба Ньюфаундленд эргээс 280 миль (450 км) зайд сураггүй болсон Вилла де Питанхо хэмээх завины багийнхныг олох олон улсын ажиллагааг эхлүүлсэн байна.
Салхи, далайн шуурга, үзэгдэх орчин муудсан тул эрэн хайх ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан хэдий ч аврах салнаас гурван хүнийг аварчээ. Эрэн хайх ажиллагааны явцад мөсөн тэнгисээс долоон цогцос олж, эрэгт гаргасан байна.
Загас агнуурын Вилла де Питанхо хөлөг онгоцны багийн 24 гишүүнийг аврахаар агаар, далай тэнгисийн ажиллагааг эхлүүлсэн гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна. Багийн бүрэлдэхүүнд Испанийн 16, Перугийн тав, Гана гурван иргэн байжээ.
Онгоц, хоёр нисдэг тэрэг, дөрвөн завь амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайж байгаа. Канадын аврагчид цаг агаарын таагүй байдлыг үл харгалзан эрлийн ажиллагааг явуулж байгаа гэнэ. Канадын Аврах ажиллагааг зохицуулах нэгдсэн төвийн ажилтан Брайан Оуэнс "Бид аврах салнаас амьд үлдсэн гурван хүнийг аль хэдийн олсон нь бусад гишүүд завь живэхээс өмнө амжиж аврах хантаазаа өмсөж, аврах салаанд сууж чадсан гэсэн итгэл найдварыг төрүүлж байна" гэж AFP агентлагийн сэтгүүлчид ярьжээ.
Тэрбээр нэмж хэлэхдээ: "Үлдсэн гишүүдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Бид тэднийг олно гэж найдаж байна" гэсэн байна.
Испанийн Ерөнхий сайд Педро Санчес “Засгийн газар аврах албаныхантай байнга холбоотой байдаг. Бид Ньюфаундлендийн ойролцоо живсэн Галисын завины багийнхныг хайх, аврах ажиллагааг санаа зовнил, түгшүүртэйгээр хүлээж байна" гэж твиттер хуудсандаа бичжээ.
Галисын бүс нутгийн ерөнхийлөгч Альберто Нуньес Фэйжо бүс нутгийн засгийн газар туслахын тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байна гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian