Сэтгүүлч С.Будрагчаа Монгол-Орос 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой асуудлаар "Паразит" хэмээх нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн. Энэ хүрээнд Ж.Соронзон захирлын хувьдаа мөнгө завшсан хэргийн талаар цуглуулсан баримтууддаа тулгуурлан Авлигатай тэмцэх газарт хандлаа.
Энэ талаар сэтгүүлч С.Будрагчаа "Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа танаа БШУЯ-ны харъяа Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн авлига албан тушаалын гэмт хэргийг шалгуулах тухай Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Жамбын Соронзон нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийн төрсөн дүү Жамбын Содбилэгтийн нэр дээр бүртгэлтэй Эрхга ХКК-тай Түрээсийн гэрээ гэгчийг байгуулж, төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөнөөс 2015 оноос 2021 оныг дуусах хүртэл хугацаан 845,874,070-1,120,987,008 төгрөгийг жил бүр шилжүүлж байсан баримтыг холбогдох Түрээсийн гэрээний хамт албан ёсоор хүргүүлж байна.
Тэрбээр 2015-2021 оныг хүртэлх хугацаанд Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн данснаас нийт 46 удаагийн гүйлгээгээр 5,805,394,261 төгрөгийг шилжүүлж, Авлигын эсрэг хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасныг шалган тогтоож, гэм буруутай этгээдүүдийн хууль бусаар олсон орлогыг буцаан төлүүлэхийн зэрэгцээ дээрх хүмүүст хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно хэмээн машид итгэж байна.
Жамын Соронзон захирал нь төрийн өмчийн сургуулийн данснаас дээрх их хэмжээний мөнгийг шамшигдуулан завших үйлдлийг хийхдээ дараах маш ноцтой үйлдлүүдийг гаргасан байна.
Үйлдлийг нуун дарагдуулах санаатай зорилгоор өөрийн төрсөн дүү Жамбын Содбилэгтийн овгийн эхний үсгийг зориудаар өөрчилж Ш.Содбилэгт болгон гэрээгээ байгуулсан байна. Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэх гэмт үйлдлийг бүлэглэн үйлдсэн байна. Мөн Жамбын Соронзон захирал нь өөрийн нөхөр Н.Лүндэндоржийг өндөр насны тэтгэвэрт суусных нь дараагаас эхлээд өөрийнхөө сургуульд нийгмийн багшаар ажилд авч түүнд сар бүр 4 сая 500 мянгаас 10 сая 868 мянган төгрөгийн цалинг олгож төрийн өмчийн төсвийн бус мөнгийг онц их хэмжээтэйгээр шамшигдуулах идэх ажлыг хийсэн байна.
Урсгал зардал, багш ажилчдын цалинг монгол улсын төсвөөс энгийн сургуульд олгодог шигээ төсөвлөдөг. Дээрээс нь энэ сургууль нэг хүүхдээс жилийн төлбөр хэмээн 4-6 сая төгрөгийн төлбөр авдаг учраас үүнийх нь нийт төсөв нь нийлээд 13 тэрбум төгрөг болчихдог. Зөвхөн гадаадын багш ажилчдад өндөр цалин өгөх ёстой шүү дээ. 6 сая орчим төгрөгийн цалин өгдөг юм билээ. Тэр мөнгөнд зарцуулагдах ёстой байтал Ж.Соронзон захирал өөрийнхөө төрсөн дүүтэй гэрээ байгуулаад түүнийх нь 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг аваад байж байдаг ийм л захирал байна.
Хамгийн өндөр албан тушаалд очсон цагдаагийн албан хаагч, төрийн албан хаагч нарт урилга явуулчихдаг гэнэ. Та хүүхдээ манай сургуульд сургана уу гээд. Тухайн хүн нь сургуульд хүүхдээ өгчхөөр хүүхдээр нь барьцаалаад тэр хүнийг базчихдаг. Монголын аудитын газрын хүмүүс яагаад төрсөн дүүтэйгээ гэрээ байгуулсныг мэдэхгүй байсан гэж бодож байна. Тэд мэдэж байсан шүү дээ. Зүгээр л аудитад чиний хүүхдийг чинь авчихъя чи энэ дээр дуугүй болчхоо гээд тэд хуурамч дүгнэлт гаргаж өгсөн гэдгийг тухайн гэрчүүд надад хэлж байгаа юм. Бод доо ЦЕГ-ын тэргүүн дэд дарга нь тус сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлд нь орчихсон. Сургуулийн хашаанд нь хууль бусаар баригдсан барилгад нь амьдарчихсан, өөрийнхөө хүүхдүүдийг сургачихсан тийм байдалтай байна гээд бод л доо.
Энэ Монголын хууль чинь мөнгөтэй, баян хүнд үйлчилдэггүй ядарсан жирийн хүнд үйлчилдэг ийм байдлаа болиулаач ээ. Ард түмэнд шударга цагдаа, шударга хууль гэдэг байдлыг харуулаач ээ гэдгийг л хүсэж байна" гэлээ.