Дэлхийн эдийн засаг Ковид-19-ээс хойш сэргэснээс хойш газрын тосны үнэ өссөөр байна. Харин АНУ-аас “Оросыг Украинд халдана” гэсэн мэдэгдлийн дараа газрын тосны үнэ улам ч өслөө.
Даваа гарагт дэлхийн жишиг болох Брент маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 96 ам.долларт хүрсэн. Энэ нь газрын тосны үнэ 2014 оноос хойшхи хамгийн дээд түвшиндээ хүрсэн үнэ юм. Ийнхүү өсөх нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, дэлхийн улс орнуудын инфляцын асуудлыг улам хүндрүүлж болзошгүй аж.
UBS-ийн газрын тосны шинжээч Жованни Стауново хэлэхдээ "Ерөнхийлөгч Путины бодлыг хэн ч уншиж чадахгүй. Гэвч Орос, Украины хооронд үүссэн мөргөлдөөний улмаас газрын тосны нийлүүлэлт тасалдвал долоон жил гаруйн хугацаанд анх удаа, нэг баррель нь 100 ам.доллараас дээш гарч өсч болзошгүй гэдгийг л мэдэж байна” гэжээ.
ОХУ бол газрын тос, байгалийн хийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч орны нэг.
Орос- Украйны зөрчилдөөн нь бүс нутгийн эрчим хүчний дэд бүтцэд сөргөөр нөлөөлж, барууны орнууд Орост тавьсан хориг арга хэмжээ нь тус улсын экспортод сөргөөр нөлөө үзүүлэх магадлалтай гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байна.
Түүнчлэн Путин эрчим хүчний хангамжаараа Оросоос хараат Европт шахалт үзүүлэхийн тулд газрын тос, байгалийн хийн экспортоо зэвсэг болгож магадгүй гэсэн болгоомжлол бий.
Газрын тосны зах зээл хэдийнээ ачаалалтай байгаа өнөөдрийн нөхцөл байдалд үнэ өсөх нь байдлыг улам хурцатгах юм. Цар тахлын үеийн хязгаарлалтыг цуцалж, аялал жуулчлал сэргэж, бараа материалын нөөц багасах тусам эрчим хүчний эрэлт нэмэгдэж байна. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон ОПЕК+оос Орос зэрэг гол холбоотнуудын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд шахалт үзүүлж эхэлсэн.
Олон улсын эрчим хүчний агентлаг өнгөрсөн долоо хоногт гаргасан тайландаа “Хэрэв ОПЕК+ийн олборлолт болон түүний зорилтот түвшний хоорондын зөрүү үргэлжилсээр байвал нийлүүлэлтийн хурцадмал байдал нэмэгдэж, улмаар үнийн тогтворгүй байдал, өсөлтийн дарамт үүсэх магадлал нэмэгдэнэ” гэдгийг онцолжээ.
Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсууд илүү ихийг хийж чадах ч нөхцөл байдал үнэхээр хурцдахгүй л бол тэд элдэв алхам түрүүлж хийхгүй гэж Стауново үзэж байна.
Өнгөрсөн долоо хоногт JP Morgan-ын Дэлхийн түүхий эдийн стратеги хариуцсан дарга Наташа Канева хэлэхдээ, "бусад бүс нутагт нөөц хүчин чадал бага байгаа нөхцөлд Оросын түүхий нефтийн экспортод Украинтай хурцадмал байдал нөлөөлбөл газрын тосны үнэ "асар богино хугацаанд" нэг баррель нь 120 ам.долларт хүрнэ" гэв.
Газрын тосны үнэ өндөр байх нь газрын тос ихээр хэрэглэдэг орнуудын эдийн засгийг шоконд оруулж, хэрэглэгчдийн хэтэвчинд шууд нөлөөлнө.
АНУ-д нэг галлон хийн дундаж үнэ нэг сарын өмнө 3,31 ам.доллар, харин өнгөрсөн оны мөн үед 2,51 ам.доллар байсан бол даваа гарагт бараг 3,49 ам.доллар болж өссөн.
Оросууд түрэмгийлэх вий гэсэн айдас зөвхөн газрын тосны зах зээлийг бужигнуулаад байгаа юм биш. Даваа гарагт дэлхийн хөрөнгийн биржүүд ч мөн унав. ХБНГУ-ын DAX 2.2%-иар, Францын CAC 40-ийн индекс 2.3%-иар буурсан нь Европт хамгийн хүчтэй нөлөөлсөн гэсэн үг юм.
Эх сурвалж: CNN News