Энэ оны 1-р сард АНУ-ын инфляц нэмэгдэж 7.5% хүрсэн нь 1982 оноос хойших буюу сүүлийн 40 жилийн дээд үзүүлэлт боллоо. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн энэхүү өсөлт шинжээчдийн хүлээлтээс өндөр байв. Энэ мэдээллийн дараа хувьцааны голлох индексүүд унаж, Засгийн газрын бондуудын жишиг хүү өслөө.
АНУ-ын инфляцад голлон нөлөөлсөн шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үеэсээ 46.5% өндөр байв. Мөн автомашины үнэ жилийн хугацаанд 40% орчим, хүнсний үнэ 7%, орон сууцны үнэ 4.4% өсжээ.
Инфляц ийнхүү хурдтай өссөн нь Холбооны нөөцийн банк ирэх 3-р сард бодлогын хүүгээ 0.25 бус 0.5 нэгж хувиар өсгөнө гэх зах зээлийн хүлээлтийг нэмэгдүүлж байна. Тус банк инфляц хүлээгдэж байснаас илүү урт хугацаанд үргэлжилж буй тул ирэх сараас бодлогын хүүгээ өсгөх дохиог зах зээлд өгөөд байсан юм. Гэхдээ инфляцыг 2022 оны турш буурах хүлээлт хэвээр байгааг Төв банкны тэргүүн Ж.Пауэлл хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдэж байв.