Манай улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилийн өмнө 420,000 болгон нэмэгдүүлж байсан. Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо өчигдөр хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тал дээр тооцоолол хийх, санал боловсруулах ажлын хэсэг байгуулж, ажиллахаар болсон тухай ХНХ-ын сайд мэдээллээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаа цалингийн хамгийн бага хэмжээ. Эдгээр хүмүүсийн цалин хөлс тогтоосон хэмжээнээс доош байж болохгүй. Түүнээс дээш хэмжээтэй байх ёстой юм байна.
Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү байна гэх шүүмжлэл олон нийтийн дунд буй. Ямартай ч салбарын яам болон Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхээр ажиллаж эхлэх нь.
Өчигдрийн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны дэд даргаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг ажиллуулах шийдвэр гаргасан байна.
2007 оноос хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нийт 330,000 төгрөгөөр нэмэгджээ.