Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Үүнд:
1. Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэх иргэн Ш.Сайхансамбуугийн хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан дараах шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Тодруулбал, Ардын чуулган намаас 807 гишүүнтэй гэх мэдээлэл бүхий жагсаалтыг ирүүлсэн бөгөөд уг жагсаалтад дурдсан мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан шаардлага (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)-ыг хангаж байгаа эсэхийг шалгахад 315 гишүүний мэдээлэл нь улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүтэй байлаа.
Эдгээрийн олонх нь хаягийн бүртгэл зөрүүтэй гэсэн залруулж болох зөрчил байгаа боловч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээлэлтэй харьцуулан шалгахад 5 иргэний бүртгэл байхгүй (овог, нэр, регистрийн дугаараар хайлт хийхэд гарч ирээгүй).
Мөн Улс төрийн намын тухай хуулийн 10.1.3-д заасан улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн тус намын гишүүд нь өөр намын гишүүнчлэлгүй байх шаардлага хангасан эсэх, Ардын чуулган намын гишүүн мөн эсэхийг түүврийн аргаар тус намын гишүүний жагсаалтад буй 65 хүнтэй шүүхээс холбогдож “Ардын чуулган намын гишүүнчлэлтэй” эсэх талаар тодруулахад Ардын чуулган намын гишүүн биш, бүртгэлд гарын үсэг зураагүй гэж 15 хүн, өөр намын гишүүн (МАН, АН, МАХН) гэж 5 хүн тус тус мэдэгдсэн.
Нийт 807 гишүүнтэй гэх жагсаалтаас дээрх байдлаар зөрчилтэй 25 хүнийг хасаж тооцвол Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан тоонд хүрэхгүй байна.
Иймд Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Улсын дээд шүүх намыг дараах үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 10.1.3-д “гишүүдийн тоо нь энэ хуулийн 9.3.7-д заасан тоонд хүрээгүй буюу бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай, эсхүл өөр хүн төлөөлсөн” гэж заасан үндэслэлээр Ардын чуулган намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.
2. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн Ж.Батзанданг тус намын даргаас чөлөөлж, Ц.Гантулгыг тус намын даргаар сонгож, томилсныг улсын бүртгэлд бүртгэв.
Шударга иргэдийн нэгдсэн эвсэл (ШИНЭ) намын даргаар ажиллаж байсан Ж.Батзандан 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнгээс хамаарч тус намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж, мөн Төрийн албаны тухай 37.1.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албанд шилжин ажиллах болсонтой холбогдуулан намын гишүүнчлэлээс түдгэлзэж буйгаа тус намд бичгээр мэдэгджээ.
ШИНЭ намын Их хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “намын дарга Ж.Батзандангийн өөрийн хүсэлтийн дагуу намын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөнд тооцож,…намын даргаар Цэндсүрэн овогтой Гантулга сонгогдсоныг” баталсан нь тус намын дүрмийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т “намын даргыг сонгох, чөлөөлөх” нь Их хурлын бүрэн эрх байхаар, 22 дугаар зүйлийн 22.4-д “Их хурлын сонгогдсон төлөөлөгчдийн олонх нь хүрэлцэн ирснээр тухайн хурал хүчин төгөлдөр болно. Их хуралд оролцож буй төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэр хүчинтэй болно” гэж заасантай тус тус нийцсэн байна.
Иймд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл (ШИНЭ) намын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар Их хурлаар тус намын даргаар Цэндсүрэн овогтой Гантулга сонгогдсон тухай өөрчлөлтийг Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын улсын бүртгэлийн мэдээлэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.
3. Иргэн Б.Жагарын гаргасан Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг хянаад тус намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа.
Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д “намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)” гэж заасны дагуу иргэн Б.Жагараас Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намыг үүсгэн байгуулсан гэх “960 гишүүний бүртгэл”-ийн баримтаас 695 иргэний мэдээлэл нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээлэлтэй ямар нэг байдлаар тохирохгүй, эдгээрийн дотор регистрийн дугаар буруу 199, нас барсан иргэний 2, хуурамч (мэдээлэл бүртгэгдээгүй) 1 “иргэний үнэмлэх”-ийн мэдээлэл байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдож байх тул Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намын дарга гэх Б.Жагарын улс төрийн намыг шинээр үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр гаргасан хүсэлтийг хангахгүй орхив.
4. Монголын төв нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх хүсэлтийг шийдвэрлэх асуудлыг хойшлуулсан байна.
5. Монгол Ардын намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд, тус намын 2021 оны 12 дугаар сарын 6, 7-ны өдрийн XXX Их хурлаар Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгож баталсан, намын мөрийн хөтөлбөрийг шинэчлэн баталж, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцсэн хэмээн үзэж, намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэлээ.
6. Ардчилсан намын тэргүүн дэд дарга гэх Д.Ганбатаас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын дээд шүүхэд “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлтийг ирүүлсэн байна.
Ардчилсан намын Үндсэн дүрмийн 9.1.1-д намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг намын Их хурал шийдвэрлэхээр заасан байх тул Үндэсний бодлогын хороонд намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт оруулах эрх хэмжээгүй гэж үзэн ирүүлсэн хүсэлтийн дагуу Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан байна.
7. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7.1, 7.2-т заасан гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүний эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг тус хуулийн 4.1 дэх хэсэгт заасан журмаар өршөөн хэлтрүүлэхгүй байхаар тайлбарлаж, тогтоол баталлаа.
8. Эрүүгийн хууль дахь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг хэрхэн хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах зөвшөөрөл авах тухай Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцэж, Нийт шүүгчийн хуралдааны дэгийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбарын төслийг боловсруулах зөвшөөрөл олгов. Эрүүгийн хэргийн танхим төслийг 30 хоногийн дотор боловсруулсны дараа нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх юм.
9. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 184/Ш32021/11030 дугаар захирамжаар “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9.2-т “Шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, шийдвэр гаргана.”, 9.5-д “Тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхтэй.” гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар дугаар зүйлийн 14/-т “Монгол Улсын иргэн…шударга шүүхээр шүүлгэх… эрхтэй” гэж заасантай үзэл баримтлалын хувьд харшилсан гэж үзэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд ирүүлсэн саналыг үндэслэлгүй гэж үзэж хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
10. Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцээд журмын 3.4.5 дахь хэсэгт нэмэлт, 3.13 дахь хэсэгт өөрчлөлт орууллаа.
Эх сурвалж: Улсын Дээд шүүхийн тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс