Даваа гарагт болсон уран гулгалтын багийн тэмцээнд медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулах ёслолыг Олон улсын олимпын хорооноос тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. "Inside the Games" сайтад ёслолын ажиллагаа хойшлогдсон шалтгаан нь орос тамирчдын допингийн шинжилгээний хариутай холбоотой байж магадгүй гэжээ.
Inside the Games сайт нийтлэхдээ, "асуудалтай байгаа тамирчин нь энэ удаагийн олимпод шуугиан тариад буй 15 настай Камила Валиева хэмээн мэдээлээд WADA-ийн дүрэм ёсоор 16 нас хүрээгүй тамирчны нэрийг зарлах ёсгүй, зөрчил гаргасан эсэхийг албан ёсоор тодорхойлох боломжгүй байгаа нь нөхцөл байдлыг улам маргаантай болгоод байна" гэв.
Шагнал гардуулах ёслолыг хойшлуулах шалтгааны талаар Олон улсын олимпын хорооноос тодорхой тайлбар хийгээгүй. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Оросын багийн тамирчны допингийн шинжилгээ эерэг гарсан аж.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ талаар Олон улсын олимпын хорооноос албан ёсны мэдэгдэл гарах хүртэл ямар ч таамаг гаргахгүй хүлээхийг анхааруулав.