Монгол улс АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын явцын талаар холбогдох албаны хүмүүс ИНЕГ-т мэдээлэл солилцох уулзалт, хурлыг хоёр дахь удаагаа зохион байгуулжээ.
Хурлаар хоёр улсын Агаарын харилцаа тогтоох, Агаарын тээврийн хэлэлцээр байгуулах үйл явц, АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргаа, Тээврийн аюулгүй байдлын агентлагаас шууд нислэгтэй болоход бусад улсад тавьдаг шаардлага, бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн байна.
Мөн “МИАТ” ХК-иас Монгол-АНУ хооронд шууд нислэг үйлдэх, тухайн чиглэлийн агаарын хөлөг сонголтын талаар танилцуулжээ.
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Энэхүү нислэг нээлттэй болсноор манай улсын Иргэний Нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны дэвшил гарна. Мөн АНУ-ыг зорих, тус улсаас Монгол улсыг зорих иргэдийн хувьд цаг хугацаа, мөнгө санхүүгийн хувьд хэмнэлт болох давуу талтай” гэв.
Монгол улсаас АНУ-д суугаа Элчин Сайд Ө.Батбаяр “Хоёр улсын хооронд шууд нислэг нээх цаг хугацаа болоод нөхцөл боломж нээлттэй болсон. Энэ ажлыг шуурхайлахын тулд АНУ-ын талтай уулзалтуудыг хийж, хэлэлцээр шат шатандаа нааштайгаар өрнөж байгаа. Бид 2023 он гэхэд эхний нислэгээ үйлдэхээр зорилт тавин ажиллаж байна” гэдгийг хэлсэн.
“МИАТ” ТӨХК-ны гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир “Монгол улс АНУ-ын хооронд шууд нислэг хийх нь эдийн засгийн болоод хоёр улсын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтой үйл явдал болно” гэдгийг онцолсон юм хэмээн ИНЕГ-аас мэдээллээ.