YouTube-ээс Fox News –ийн хөтлөгч Дэн Бонгиног коронавирусын талаар ташаа мэдээлэл нийтлэх дүрмийг удаа дараа зөрчсөний дараа бүрмөсөн хориглосон гэдгээ мэдэгдлээ.
Ярилцлагын радио шоу, онлайн нэвтрүүлгүүдээс гадна Fox News дээр шоу нэвтрүүлэг хөтөлдөг Дэм Бонгино нэгдүгээр сарын эхээр Youtube сувагтаа нийтэлсэн бичлэгтээ маск хэрэглэх ямар ч хэрэггүй гэж хэлснийхээ төлөө YouTube-т бичлэг нийтлэх эрхээ долоо хоногоор хасуулсан. Мөн өөр бичлэгтээ ч коронавирусын талаар ташаа мэдээлэл өгөх ёсгүй гэсэн Youtube платформын дүрмийг зөрчсөн бөгөөд түүнийг гурав дахь бичлэгээ оруулахыг оролдоход нь тус платформыг ашиглах эрхийг нь бүрэн хоригложээ.
YouTube платформ цар тахлын эхэн үеэс коронавирус болон вакцины талаар худал, ташаа мэдээлэл нийтлэхгүй байх дүрэмтэй болсон ч тус компани өөрийн дүрмийг жигд бус мөрддөг гэх шүүмжлэлд өртдөг. Өнгөрсөн оны есдүгээр сард энэ платформ нь вакцины эргэлзээг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн, ташаа мэдээлэл нь эрдэмтэн судлаачдын олон жилийн судалгааны үр дүнд сөргөөр нөлөөлсөн хэд хэдэн хүмүүсийн бүртгэлийг устгаж байлаа.
Хөтлөгч Бонгиногийн YouTube суваг 870 000 орчим дагалдагчидтай, мөн алдартай видео платформ болох Rumble дээр 2 сая гаруй хэрэглэгчтэй. Тэрбээр Youtube-т блоклогдохоосоо өмнө тус платформыг орхино гэсэн сүрдүүлэг маягийн мэдэгдэл хийж байсан удаа бий.
Бонгино бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн томоохон компаниудын бүрмөсөн түдгэлзүүлсэн буюу өөрсдийн платформоос блоклож байсан цөөн хэдэн консерватив хүмүүсийн нэг.