Унгар улсын Будапешт хотод 14 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Олон улсын циркийн жүжигчдийн тэмцээн энэ сарын 12-нд эхэлсэн.
Энэхүү тэмцээн нь европ тивийн томоохон тэмцээн төдийгүй Ковид-19-ийн хүнд хэцүү цаг үед олон улсын 15 орны 200 орчим циркийн жүжигчин оролцохоор дэлхийн шилдэгүүд цуглаад буй. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн уран нугараач, циркийн жүжигчин Э.Лхагва-Очир оролцож байна.
Монголын циркийн хөгжлийн тэргүүн Н.Эрдэнэ энэхүү тэмцээний хүндэт зочноор уригдан оролцож байгаа юм. Тэрээр 2012 оноос өнөөдрийг хүртэл Монгол циркийн жүжигчдээ олон улсын циркчдийн тэмцээнүүдэд бэлдэн менежер, продюсерээр ажиллан 40 дэх тэмцээндээ монголын циркийн жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очирыг оролцуулж байгаа нь энэ аж.
Дэлхийд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж, монгол уран нугараачийн ур чадвар, авьяасыг гайхуулж яваа Э.Лхагва-Очир жилийн өмнөөс бодибилдинг, фитнессийн спорттой амьдралаа холбосон. Тэрээр асар богинохон хугацаанд буюу ганцхан жилийн дотор дэлхийн аварга, “Монголын мистер”, хотын аварга болж, шуугиулаад байгаа билээ.